Нийгмийн бодлого, шинэчлэлийн асуудлаар санал солилцов

img

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат НҮБ-ын Хүүхдийн сангийн Нийгмийн бодлого, шинэчлэлийн мэргэжилтэн Билл Бикалесийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр монгол дахь нийгмийн бодлогын асуудлууд, түүний дотор хүүхдийн өмнө тулгамдаж буй шийдвэрлэвэл зохих асуудлын талаар санал солилцож харилцан ярилцлаа. Билл Бикалес НҮБ-ын Хүүхдийн сан Азийн улс орнуудад нийгмийн хамгааллын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ , тус сангаас шинэ 5 жилд хийж хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр боловсруулж эхэлснийг танилцуулав. Хөтөлбөрт боловсрол, эрүүл мэнд, хүүхдийн асуудлаас гадна нийгмийн хамгааллын асуудал шинээр орж байгааг тэрээр онцолж, нийгмийн бодлогын асуудлыг шийдвэрлэхэд нотолгоонд тулгуурлаж, өртөг, үйл ажиллагааны эдийн засгийн үр нөлөөний дүн шинжилгээ хийх хэрэгтэйг хэлсэн юм. Мөн тэрээр, Азийн улс орнуудын дотор гадаадаас дэмжлэг авах асуудлыг багасгаж, өөрийн нөөц бололцоогоо илүү ашиглан, хурдацтай хөгжиж, богино хугацаанд эдийн засгаа амжилттай хөгжүүлж чадсан хамгийн тод жишээ бол Монгол Улс. НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын шадар сайд, Хүүхдийн төлөө байгууллагуудтай хамтарч Хөвсгөл аймаг, Налайх дүүргийг хүүхдэд ээлтэй бодлого, үйл ажиллагаа явуулдаг загвар болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Манай сан нийгмийн хамгаалал, бодлогын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд Байнгын хороотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн хамт , энэ чиглэлээр Байнгын хорооны гишүүдийг чадавхжуулахад хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ. Түүнчлэн ирэх жил болох сонгуулийн үр дүнгээр шинээр байгуулагдах Засгийн газар хүүхдийн өмнө тулгарч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, сурах орчинг сайжруулахад одооноос юу хийх шаардлагатайг тодруулсан юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн ирэх 5 жилийн төлөвлөгөөнд нийгмийн бодлогын асуудал тусгагдсанд талархалтай байгаагаа илэрхийлж, нийгмийн салбарын хөгжилд түлхүү анхаарч, цаашид энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх нэлээдгүй ажил байгааг хэлсэн юм. Ялангуяа хүүхдийн сурч боловсрох орчин ямар нэг ахуйн дарамт, шахалтгүй байх нь чухал. Өнөөдөр уул уурхай, ашигт малтмалын салбараас баялаг орж ирж нийгмийн амьдрал сайжирч байгаа ч хүүхдийн сурах орчин, сургууль, цэцэрлэгийн барилга байшин дутагдалтай байна. Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш 20 жил болж байгаа ч энэ хугацаанд сургуулийн өмнөх цэцэрлэгийн боловсролын асуудал нэлээдгүй хаягдсан. Хүн амын өсөлт ихэсч, залуужиж байна. Улаанбаатарт төдийгүй орон нутагт ясли, цэцэрлэгийн хүүхдийн сурах орчин, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байр ихээр дутагдалтай байна. Хүүхэд сургуулийн орчинд сургалт, мэдлэг олж авдаг ч, хичээл тараад олж авсан боловсролоо дээшлүүлэх, хөгжих орчин бага байна. 2012 оны УИХ-ын сонгууль ирэх хавар болно. МАН зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Эдгээр ярьсан зүйлүүдийг намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахын төлөө ажиллана. Үүний тулд улс төрчдийг хүүхдийн төлөө хамтарч ажиллах хөдөлгөөнд нэгтгэн, тэдний анхаарлыг энэ зүгт чиглүүлэх, бусад намуудад хандсан уриалга гарган ажиллахад бэлэн байна. Түүнчлэн эдгээр асуудлаас гадна түүх, соёлын үнэт дурсгал, ном, шашдирыг хамгаалах асуудал чухлаар тавигдаж байна. Мөн алслагдсан сум, бригадад ажиллаж, амьдарч байгаа хүн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээг шууд хүртэж чадахгүй байна. Иймд нийгмийн хамгаалал, бодлогын асуудлаар нотолгоонд тулгуурласан дүн шинжилгээ хийх хэрэгтэй гэсэн та бүхний саналтай санал нэг байна гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энэ Билл Бикалес гэж USAID-д байсан хүн мөн болов уу. Монгол хүүхдүүд авч өсгөс
2011-10-26