Найруулагч Б.Баяр: Байгальдаа ойрхон, байгалиа шүтдэг ард түмний ген агуу байдаг юм

img

“Сэмүүн” студийн найруулагч Б.Баярын “Би Монгол хүн” баримтат кино өнгөрсөн сард Египет улсад болсон “Formula Mundi-12” олон улсын кино наадамд хоёрдугаар байрт шалгарсан билээ. Нийт 45 орны 208 киноноос эхний шатанд албан ёсоор 40 кино шалгарсан ба Орос, Америк, Англи, Герман, Франц, Энэтхэг, Хятад, Япон зэрэг орны бүтээлүүд багтжээ. Эдгээрээс байгаль хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаварыг харуулахаар зорьсон найруулагч Б.Баярын “Би Монгол хүн” бүтээл ийнхүү дэд байрт шалгарсан аж. Хэн хүнээс илүүтэйгээр байгалиа шүтэн дээдэлдэг уг киноны гол дүр нь Соёлын тэргүүний ажилтан, Ардын язгуур урлагийн алтан медальт, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ард Бадарын Папизан юм. Алтай таван Богдын салбар уулс болох Цэнгэл хайрхан, Төв азийн хадны зургийн урлагийн томоохон төвүүдийн нэг, ЮНЕСКО-ын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн, эртний хадны зургийн үлэмж баялаг дурсгалтай Шивээт хайрхан уулсынхаа сав бэлээр нутаглан хүү Сариг Оолын хамт  Цагаан гол, Ховдын голоо даган загас жараахай барин байгаль эх дэлхийгээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар заан сургаж явдаг түүний тухай энэхүү киноноос харж болох билээ. Найруулагч Б.Баяр өмнө нь олон улсын кино наадамд хэд хэдэн удаа оролцож,  тэргүүн байрт шалгарч байсан авьяаслаг уран бүтээлч юм. Тухайлбал, тэрбээр Япон улсад болсон Азийн кино наадмын тэргүүн байрын шагналт “Усчин”/1997 он/, ОХУ-д болсон кино наадмын шагналт “Бат Варшав хоёр”/1998 он/ болон “Бүүвэйн дуу”/2000 он/, “Тэнгэрийн нүүдэл”/2001 он/, “Төлчин”/2002 он/, “Ганбат”/2007 он/, “Зууныг эзэлсэн шонхор”/2008 он. Монгол Улсын баатар Гунгаа генерал/, “Зөвхөн намайг үхсэний дараа”/2001 он. Барон Унгерн/, “Сар анх мандсан нутаг”/2011 он. Сүг зураг/, “Миний амьдралын аз жаргал, уйтгар гуниг”/2011 он. Ардын жүжигчин Л.Жамсранжав/, “Би Монгол хүн”/2012/зэрэг баримтат кино бүтээжээ. Мөн түүний урын санд “Гурван долоо хоног”/1999 он/ бүрэн хэмжээний кино, “Үрэгдсэнийг хүлээгч”/2001 он”, “Бурхан богд аав бид хоёр” /2002 он/ зэрэг богино хэмжээний кино бий. Үүний сацуу тэрбээр “Тататунгаа”, “Дэлгэцийн бурхад”, “Шагайн цаг”, “Мэлмий найраг”, “АХА” зэрэг 13 нэвтрүүлгийн зохиогчоор ажиллажээ. Ингээд найруулагч Б.Баяртай уулзаж ярилцсанаа хүргэе. -Та өнгөрсөн жил дөрвөн ч кино хийсэн гэсэн. Бүгд өөр төрлийнх үү? -Тийм ээ, дөрвүүлээ өөр жанрын бүтээл. “Барон Унгерн” бол ухуулан таниулах жанрын түүхэн сэдэвтэй кино бол,“Миний амьдралын аз жаргал, уйтгар гуниг” кино Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны хөрөг нийтлэл маягийн бүтээл. “Сар анх мандсан нутаг” бол Азид тэр тусмаа Монголд анх урлаг үүссэн гэдгийг баталсан шинжлэх ухааны сэдэвтэй кино. Харин “Би Монгол хүн” цэвэр авторский буюу миний сэтгэлгээний бүтээл юм. Нөгөө талаар хөрөг баримтат кино ч гэсэн болно. Өнгөрсөн нэгдүгээр сард “Би Монгол хүн” киноныхоо нээлтийг хийсний дараа өөрийгөө их гайхсан. Нэг жилийн дотор дөрвөн кино хийсэн гэхээр нэлээд их ажилласан байгаа биз. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Өнөөдөр 40 нас гарч байгаа гэхэд арай жаахан тогтож ажиллах ёстой байх. Гэтэл хорин хэдтэй хүүхэд шиг л дайраад орчихсон байдаг. “Би Монгол хүн” кино монгол ахуй, ёс заншлаа гадаадад сурталчлах зорилготой, фестивальд зориулсан бүтээл. Баримтат киноны гол зүйл нь идеа буюу санаа байдаг. Тэгвэл энэ бүгд манайд тэр чигээрээ л байна шүү дээ. Үүгээрээ бид их азтай. Өвөг дээдсийнхээ үлдээсэн тэр сайхан байгаль, өв уламжлалаа харуулж, стандарт түвшинд хийхэд л хангалттай. Даанч сүүлийн үед тэр стандарт гэдэг нь алдагдчихсан. Кино урлагт авьяастай залуус олон байна шүү дээ. Гэвч дандаа хувийн тоглолт хийдэг, багийн зохион байгуулалт алга. Баг зангидах ганц хүн нь найруулагч байдаг юм. -Уран бүтээл хийх гэхээр хөрөнгө мөнгө шаардлагатай. Үүнээс болоод уран бүтээлчид өөрийн шийдэл дээр захиалагчийн хүсэл сонирхлыг багтаах хэрэгтэй болдог нь нууц биш байх? -Энэ талаар мэднэ л дээ. “Долоон бурхан харвадаггүй” кинонд Барон Унгернийг улаан таван хошуутай монголын цэргүүд отож байгаад барьсан хэсгийн зураг байсан. Монтаж хийж байхад нь би “Наадах чинь түүх гуйвуулж байгаа хэрэг. Өөрсдийг нь чөлөөлж өгсөн хүнийг отож байгаад барьдаг нь ямар учиртай юм бэ. Яасан адгийн, хогийн монголчууд вэ” гэж санаа бодлоо хэлээд явсан. Үнэндээ би яаж ч хориглосон, тэр хүмүүс хийдгээрээ хийгээд л гаргана шүү дээ. Тэр хүнийг хулгайч, луйварчнаар нь дуудах бол өнгөрч. Харин түүхээ гуйвуулж, өөрсдийгөө доромжлох нь утгагүй хэрэг. Гэхдээ тэр хэсгийг оруулаагүй байна лээ, сая харагдсангүй. Энэ мэтээр уг кинонд захиалагч талын санааг тусгах гэж хэтэрхий оролдсон нь харамсмаар. Нийгэм ямар тэр чигээрээ дарамтанд орчихсон байгаа биш. Тухайн уран бүтээлчид бол иймэрхүү дарамт байж л таараа, захиалгынх юм чинь. Энэ бол  найруулагчийн буруу биш, захиалж байгаа хүмүүсийн ч буруу биш. -Тэгвэл танд сонгуульд зориулсан бүтээл хийх санал ирсэн үү? -Зөндөө ирсэн, би хийгээгүй. “Энэ угаасаа хийхгүй” гэж бодсон уу, яасан. Сүүлдээ бүр ирэхээ ч больсон. “Барон Унгерн”-ийг би яг л өөрийнхөө үзэл бодлоор хийсэн, хэн нэгэн  санал бодлоо тулгаагүй. Энэ хүний талаар өгүүлсэн түүх, хамт байлдаж бас сайдаж муудаж явсан хүмүүсийн дурсамж яриа, ололт амжилтынх нь тухай найман номноос судалгаа хийсний эцэст өөрийнхөө дүгнэлтийг гаргаж хийсэн юм. “Чи ингэж хийх ёсгүй” гэж хэн ч надад заагаагүй. Л.Жамсранжав агсны тухай кино бол нэг талаар захиалгын чанартай бүтээл. Эхнэр нь болох дуучин, жүжигчин Б.Нармандах захиалж хийлгэсэн болохоор зуун хувь миний бодлоор хийгдээгүй шүү дээ. Яахав, зарим үед түүнтэй сайдаж муудалцаж байгаад л өөрийнхөө хийх ёстой юмыг хийсэн. “Усчин” кино маань олон улсын кино наадмаас Гран при, Европт болсон фестивалиудаас шагнал авч байсан. Харин фестивальд зориулсан хоёр дахь бүтээл нь “Би Монгол хүн” юм. Одоо найман фестивалд оролцож байгаа, шалгаруулалтынх нь дүн хараахан гараагүй байна. -Монголчуудын ахуй амьдрал, өв уламжлалыг харуулахаас гадна хүн байгалийн харилцааг их сайхан гаргасан байна лээ? -Тийм ээ, хүн яаж амьдрах ёстой вэ гэдгийг л харуулсан кино. Монголчуудын хамгийн том соёл нь уул устайгаа харьцах. Дээл хувцастай хүмүүсийг хараад хотынхон “Хөдөөний муу тэнэг, соёлгүй амьтад” гэж муулж болохгүй шүү дээ. Тэдний соёл шал өөр байхгүй юу. Байшин барилга бөөгнөрсөн энэ их хотод яаж амьдрахаа тэд мэдэхгүй байгаа. Тэгвэл бид хөдөө очоод уурган дээгүүр нь алхаж, усанд нь сүү дусаавал шууд л загнуулна. Цэвэр байгальтайгаа холбогдсон, жинхэнэ агуу соёл чинь тэнд л байдаг. Гэтэл хотынхон хоол идээд амаа арчихгүй бол, халбагаа зүүн гар талдаа тавьчихвал шууд л соёлгүйд тооцогдоно. Эцсийн эцэст соёл гэдэг чинь юу юм бэ. Миний ойлгосноор, энэ маш амархан. Бусдад гай болохгүй л бол тэр чинь соёл. Байгаль болоод бусад хүнд гэсэн үг. Өөр ямар хүнийг соёлтой гэх вэ. Байгалиа цэвэр цэмцгэр байлгаж, хайрлаж хамгаалж чадвал тэр жинхэнэ соёл. Монголчуудын нэг агуу гайхамшиг нь орчиндоо дасах чадвар, соргог мэдрэмж, хурц ухаан байдаг. Энэ бүхэн байгальдаа амьдарч ирсэн генд оршдог. Монголчууд байгальдаа ойрхон байсан учраас л тархи нь сэргэг, вирустээгүй хэрэг. Яг одоо хотоос арван км гарахад юу ч байхгүй. Хэдэн зуун мянган жилийн өмнө ямар байсан, яг л тэр чигээрээ. Хотод бол хэн нэгэнд зам заахад баахан байшин барилгаар баримжаална. Хөдөө бол байгаль орчин, гол усаар баримжаална. Энэ хоёрын хооронд ямар ялгаа байна вэ. Хөдөөнийхөн угаасаа  байгальтайгаа харьцаад сурчихсан улс. Уул ус, ан амьтан, ургамалтайгаа харьцаж, тэднийгээ мэдэрдэг болохоор тархи нь сэргэг байгаа юм. -Үнэндээ манай өв уламжлал, түүх соёл үнэхээр баялаг. Гэвч өнөө цагт үүнийгээ бүрэн таньж чадаагүй учраас зарим нэг алдаа гардаг байх. Соёлын өв, хөгжмийн дурсгалыг маань ч харийнхан бараг биднээс илүү мэдэх болж? -“Монголчууд агуу, Монголоос бүх юм үүссэн” гэхээр хүмүүс “Чи юм болгоныг Монгол гэхээ болиоч” гэдэг. Гэхдээ би юм болгон гээгүй, харин ихэнх нь Монголынх гэдэг нь үнэн шүү дээ. Аль эрт 364 онд монголчууд одон орон судалсан түүх бий. Худлаа гэвэл, Иранд агуу их Хүлэг хааны байгуулсан Хас ордон байгаа. Хятадад аль XIII зуунд Хувилай хааны байгуулсан одон орон судлах ордон байна. Юун Галилей, тэрнээс хамаагүй эрт судалсан байгаа биз дээ. Монголчууд саяхныг хүртэл хуурай сүүгээ өөрсдөө хийдэг байсан. Сармай даавуунд сүү шингээж, хатсаных нь дараа нухаад үхрийн давсганд хийж авч явдаг байсан. Тэгэхээр нь би зарим хүнд хэлдэг юм. “Энэ гайгүй ээ, цаашид монголынх гэх бүр олон юм гарч ирнэ” гэж. Хэрвээ монголоос өөрт газарт төрсөн бол би монголчуудад атаархах байсан. Харин надад одоо өөр ямар ч үндэстэнд атаархах юм алга.  Хотоос гараад хаа дуртай газраа гадас шааж,  майхан бариад суух ийм сайхан эх орноороо бахархдаг. Эзэнт гүрэн байгуулаад хэдэн зуун жилийн турш дэлхийг манлайлж явсан агуу үндэстнээрээ бахархана. “Могойг гурав хуваасан ч гүрвэлийн дайтай. Монголыг гурав хуваасан ч гүрний дайтай” гэдэг үг яагаад гарсан юм бэ. Ийм их түүх соёл, өв уламжлалтай, бахархам үндэстэн гэдгээрээ бид их азтай хүмүүс. Одоо би “Атилла” хааны тухай кино хийж байгаа. Юун Чингис вэ, тэрнээс өмнө өвөг дээдэс маань ямар байсныг харуулсан бүтээл. Монголчуудыг шууд л алаан хядаан хийдэг дайнч улс байсан мэтээр ойлгодог нь буруу. -Та анх Папизан гуайтай яаж холбогдсон бэ. Киноны зураг авалт хэдий хугацаанд үргэлжилсэн бол? -Манай нэг найз Германы иргэн Амелие Шенк гэдэг эмэгтэйтэй танилцуулсан юм. Арван хэдэн жил монголд амьдарч, монголчуудын тухай кино хийдэг их хөрөнгөтэй хүн л дээ. Сонирхогчийн хэмжээнд зураг авч, баримт цуглуулж явдаг байсан ч нэг өдөр жинхэнэ баримтат кино хийх хүсэлтэй байгаагаа найзад минь ярьсан юм билээ. Тэгээд л намайг түүнтэй танилцуулсан хэрэг. Амелие Шенк надад хөдөөгийн амьдрал, малчдын тухай баахан бичлэг үзүүлж байтал нэг нөхөр гарч ирээд л хүүхдүүдэд хөгжим зааж, концерт тоглоод эхэлж байна. Ямар хүн болохыг нь асуусан чинь “Хөөмийч хүн байгаа юм. Хүүхдүүдэд хичээл заахаа битгий зогсоогоорой гээд мөнгө өгч байгаа” гэхээр нь “Энэ хүний тухай кино хийе” гэж ярилцсан. Түүний дараа “Сар анх мандсан нутаг” киноны зургийг авахаар Ховд аймагт очиход Амелие Шенк хамт явахыг гуйлаа. Бидэнд бүр машин тэргээрээ хүртэл тусалсан шүү. Зураг авалтын багийнхан хагас цэрэгжилтийн байдалтай ажиллаж, хэд хоногийн дараа буцах болоход Амелие Шенк “Та нартай дахиад хамтарч ажилламаар байна. Би хөрөнгө мөнгийг нь гаргая” гэлээ. Тэгэхээр нь нөгөө нэг хүний тухай киногоо хийе гэхэд тэр дор нь Папизан гуайтай уулзуулсан даа. Зураг авалт ердөө л долоо хоног үргэлжилсэн. -Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн гуай энэ киноны талаар олон зүйлийг өгүүлсэн. “Жинхэнэ монгол ахуй, хүн байгалийн шүтэлцээг харуулж чадсан бүтээл учраас тэргүүн байрын шагнал хүртсэн ч гайхах зүйлгүй” гэж. Мөн тэр бүхнийг байгальтай холбож харуулсан зураглаачийн уран чадварыг ч үнэлж байсан? -Тэгэлгүй яахав, зураглаачаар М.Бүүвэйбаатар ажилласан. Хүмүүс аливаа зүйлийг өөр өөрсдийнхөөрөө хардаг. Би Папизан гуайтай ярилцаад киногоо яаж хийхээ шийднэ. Дараа нь зураглаачтайгаа ярилцаж, ямар зураг авахыг нь зөвлөнө шүү дээ. -Баримтат киног ямар ч хугацаанд бүтээж болдог гэх. Тэгвэл таны хувьд, хамгийн их хугацаа зарцуулсан бүтээл нь юу байв? -Бүр 20 жилийн өмнө эхэлсэн, зураг авалт нь одоо хүртэл дуусаагүй кино байгаа шүү дээ. Гэхдээ тэрийг нууцалья. Бас нэг уран нугараач охины тухай зургийг зургаан жилийн өмнөөс эхэлсэн. -Та сүүлийн үед гарч байгаа баримтат кинонуудын талаар юу гэж боддог вэ? -Баримтат кинонд маш олон жанр бий гэж дээр хэлсэн. Сүүлийн үед гарч байгаа кинонуудын ихэнх нь хөрөг нийтэл маягийн бүтээл байна. Тэр тусмаа стандарт бус юм гаргах нь их. Уран бүтээлчид маань авьяастай боловч хийж байгаа кино аргачлал нь буруу байна. Баримтат киног энтертайнмент тал руу харуулах гээд хэт их гоё юм гаргаад байдаг. Уг нь манайхан баримтат кино хөгжиж байна гэж ярьдаг. Хамгийн гол нь яаж хөгжиж байгаа нь чухал шүү дээ. Нэрийг нь хэлээд яахав. Нэг амьтан овоо техниктэй болчихоод бусдыгаа муулаад сууж байна. “Тийм аппаратаар кинохийж болохгүй” гээд л... Яагаад болохгүй гэж. Угтаа бол аппарат бус уран бүтээлчийн тархи нь цэнэгтэй байх ёстой шүү дээ. -Тэгэхээр ямар кино хийх нь тухайн уран бүтээлчийн тархины цэнэгээс шалтгаална гэж хэлэх гээд байна аа даа? -Яг үнэн. Найруулагч хүний хувьд би Б.Лхагвасүрэн гуайгаас зохиол авч, Б.Балжинням гуайг найруулагчаар тавиад, Н.Жанцанноров гуайгаар хөгжим хийлгэхэд болохгүй гэх газаргүй. Ийм мундаг уран бүтээлчдийн хийсэн киног ямар ч компани ивээн тэтгэнэ шүү дээ. Гэхдээ энэ бол зүгээр л продюссерийн ажил. Кино эхлэхээс дуустал нь бүх зүйлийг урьдчилан тооцдог нарийн ажил шүү дээ, энэ чинь. Тэгвэл нэг уран сайхны кино хийхийн тулд монголын хамгийн мундаг гэсэн жүжигчид, зураглаачдыг ажиллуулахад л болчихно. Энэ талаас нь авч үзвэл их амархан байгаа биз. Гэтэл нөгөө талаас нь үзвэл огт өөр шүү. Үзэгчдэд юм бодогдуулж, ихийг өгч чадахуйц байхаас гадна уран бүтээлчид, зураг авалт гээд бүх зүйлийг өндөр түвшинд хийнэ гэвэл түүн шиг хэцүү юм байхгүй. -Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ? -Сорхагтани бэхи хатны тухай “Хаадын эх”, Аттила хааны тухай “Хаадын хаан” баримтат кино хийх гэж байгаа. Мөн сая Ховд аймагт “Уяач” хөрөг баримтат киноны зураг авалтыг хийлээ. Ямар кино хийх нь чухал бус стандарт түвшинд хийх нь чухал. “Оскар”-ын шагнал аваагүй агуу кино зөндөөбайдаг шүү дээ. Италийн нэрт найруулагч Федерико Феллино кино наадмын үеэр хүмүүс өөрийнх нь бүтээлийг үзээд алга ташихад дуу алдаж “Би ийм тэнэгүүдэд зориулж кино хийгээгүй. Эд нар миний киног яаж ойлгосон гээд алга ташаад байгаа юм бэ” гэсэн удаатай. Тэгэхээр нийт масст зориулж хийгээгүй ч, маш их зүйлийг агуулсан кинонууд байдаг. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сайн байцгаана уу? та бүхэнд энэ сайхан өдрийн мэнд хүргэе. энэ баримтат киноог анх энэ жилийн цагаан сараар хамаатныдаа үзлээ. үнэхээр сайхан кино болсон байсан. папизан гэгч энэ хүн үнэхээр зөв бодолтой байгалиа шүтэн дээдэлдэг сайхан хүн байна лээ. мөн энэ кинонд тувачуудын талаар хөндсөн нь их таалагдсан. энэ киноог дахиж олж үзмээр байна. интернэтээр зөндөө хайсан боловч олдодгүй ээ.
2014-02-18
ирээдүй:
Саяхан энэ найруулагчийн хийсэн "Уяач"-ыг телевизээр үзлээ. Үнэхээр гайхалтай. Хогийн хогийн нэг үзээд мартах уран сайхны кино, солонгос сериал үүний хажууд юу ч биш санагдлаа. Та мундаг юмааа.Уран бүтээлийн амжилт хүсье
2013-09-09
Bobi:
Даравч дардайж булавч бултайх найруулагч гэж энэ дээ. Ясны чадвартай хүний хийсэн киноны комплексыг хүнээс авч үзсэн тасархай. Амжилт хүсье
2013-08-02
саак шүү баяр хүргэж амжилт ерөөе
2012-08-08
sadul:
ali divangalavyn bayar shvv dee. vnexeer yasny l baidag yum baina daa.
2012-08-07
ali xediinii l bayar shvv dee.yasny l baidag yum baina daa
2012-08-07
teneguuded uzuuleh gej kino hiigeegui hehehe
2012-08-07
bi ch gesen baahan kino hiitsen gert hevtej l bn
2012-08-07
зочин:
телевизүүдээр гарахгүй юу, уг нь солонгос кинонуудын оронд ийм кинонууд гарвал зүгээрсэн
2012-08-07
yaj uzeh be ???????
2012-08-07
teneguuded uzuuleh gej kino hiigeegui hehehe