"Хүнс сервис"-ийн хөгцөрсөн гурилыг худалдаж байна
“Хүнс сервис” компанийн үйлдвэрлэсэн хөгцөрч муудсан хэрчсэн гурилыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Орчлон хороололд байрлах “Болор” хүнсний дэлгүүр иргэдэд худалдаалсан байна.
Тодруулбал тус хорооллын оршин суугч Б.Одгэрэл өчигдөр үдийн 14.00 цагийн орчим хүнсний дэлгүүрээс хэрчиж бэлтгэсэн луувантай гурилыг худалдаж авч, улмаар гэртээ очиж хоолонд хэрэглэх гэтэл хөгцөрч муудсан байсан аж. Тиймээс худалдан авагч эмэгтэй уг гурилыг зарсан" Болор" хүнсний дэлгүүрийн худалдагч Б.Оюунчимэгт авчирч үзүүлэхэд, хэл амаар доромжлон хэрүүл хийж ёс зүйгүй загнасан байх юм.
Чанарын шаардлага хангахгүй хэрчсэн гурил худалдсан Б.Оюунчимэг гэх эмэгтэй хэлэхдээ ““Хүнс серсис” компанийн манай дэлгүүрт нийлүүлдэг хэрчиж бэлтгэсэн 30-40 ширхэг гурил тутамд нэг хөгцөрсөн байдаг ” гэсэн тоомжиргүй хариулт өгч байна.
Түүнээс гадна "Хүнс сервис" компанийн үйлдвэрлэсэн гурван төрлийн хэрчсэн гурилын үнэ тус бүр нь 700 төгрөгөөр худалдаанд гардаг бөгөөд энэ нь бусад компанийн үйлдвэрлэсэн хэрчсэн гурилаас хамгийн үнэтэйд тооцогддог аж.
Бид Б.Одгэрэлийн худалдан авсан хөгцөрсөн хэрчсэн гурилын сав баглаа боодлыг үзэхэд үйлдвэрлэсэн он сар хугацаа нь байхгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн болох нь харагдаж байна.
Ийн хэрэглэгчдийг хохироож буй “Хүнс сервис” компанийн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийж, зохих хариуцлагыг оногдуулахыг Мэргэжлийн хяналтын байгууллагад анхааруулья.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ