
Хүний бэлэг эрхтний гадна арьс тээрхийг бүтэн хучиж, арагш шамрахгүй байх эмгэгийг эмнэлгийн хэлээр фимоз гэдэг ажээ. Тэгвэл сүүлийн үед энэ эмгэг бага насны хүүхдүүдийн нэмэгдэх хандлагатай байгаа талаар эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Тээрхийд наалдсан арьс бүрэн шамрахгүй байх нь бэлгийн бойжилтонд сөрөг нөлөөлөх талтай бөгөөд зарим үед бие засахад ч хүндрэлтэй болдог гэнэ. Тэрчлэн бэлэг эрхтний хөгжил зогсох, улайж хорсох зовиур мэдрэгддэг учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаарч байхгүй бол энэ төрлийн эмгэг тохиолдож болзошгүй ажээ. Фимозыг төрөлхийн, олдмол гэж ангилдаг юм байна.
Төрөлхийн фимоз нь насанд хүрэх үед арилах магадлал өндөр боловч хүүхдийн бэлгийн бойжилт 10 нас хүртэл зогссон тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлэн мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай болно.
Өөрөөр хэлбэл хучсан арьсыг зүсч аваад, тээрхийн уг хэсэгт оёж эдгээдэг эмчилгээ ажээ. Ингэж мэс засал хийлгэхгүй бол арьсны завсарт бие засах үед ялгарсан давс, түүнтэй төстэй бичил элементүүд хуримтлагдан үлдэж, улмаар үрэвсэл үүсгэн, шээс хаагдах, идээлүүлэх зэргээр хүндрэх магадлалтай гэнэ. Эцэг эхчүүд энэ эмгэгийг живх хэрэглэснээс үүдсэн өвчлөл гэж ойлгодог боловч эмч мэргэжилтнүүд үүнийг үгүйсгэдэг юм билээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын тасагт энэ төрлийн өвчтөнүүд олноор хандах болсон тул эмч нар дугаар тарааж, нэлээд ачаалалтай ажиллаж байгаа гэнэ.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ