Н.Энхболд: Чуулганы хуралдаанд орно
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая дуусч, бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын бүлгийн хурлаар Ардчилсан намын бүлэгт тавьсан гурван асуудлын талаар ярилцжээ.
Тухайлбал, МАН-ын зүгээс зөвшилцлийн хүрээнд тодорхой хэсгийн хороодын сонгуулийн саналын хуудсыг гар аргаар дахин тоолох хүсэлт гаргасныг АН-ын тал хүлээн авч зарчмын тохиролцоонд хүрсэн байна. Хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Чуулганы нэгдсэн хуралдаанд хэзээ оролцох вэ?
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эрх мэдэл, сандал ширээ, албан тушаал хуваарилах асуудлыг ярьж байна./ энгийн үгээр хэлбэл/ Манай намын зүгээс байр сууриа албан ёсоор илэрхийлсэн. Төрийн ажил гацах ёсгүй. МАН сонгогчид, иргэдийнхээ эрх ашгийг төлөөлж энэ хуралдаанд оролцох учиртай. Чуулганы хуралдаан хуулийн дагуу явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бүх төрийн ажил хуулийн хүрээнд явагдах ёстой. Гэтэл байдлыг ажиглахад УИХ-д одоо хийж буй зохион байгуулалтын ажлууд зөвхөн УИХ-д зориулагдаж байна. Хэдхэн хүнд зориулсан ажил болж хувирч байна. Урт хугацааны туршид байнгын хороод ямар байх ёстой вэ, үйл ажиллагаа нь яаж явах ёстой вэ, ирц нь ямар байх вэ гээд чухал асуудал бий.
Долоон байнгын хорооноос өргөдөл гомдлын байнгын хороог байх хэрэгтэй гэж бодож байна. Өмнөх УИХ-д ярьж байсан, бусад парламентад байдаг зүйл. Гэхдээ ирцийн тоог бууруулсан зэрэг нь цаашдаа ажилд муу үр дагавартай гэж харлаа. Тухайлбал, байнгын хорооны гишүүдийн тоог доод тал нь 10 байхаар тогтсон гэсэн байх. Тэгэхээр зургаан хүнтэй ирц бүрдэж дөрвөн хүний саналаар байнгын хороонд асуудал шийдэгдэж явах нь парламентад байж болохгүй зүйл. УИХ-д 76 гишүүн байхад дөрвөн хүн асуудал шийдвэл энэ ямар үндэслэлтэй, ямар тооцоо судалгаатай, хэний эрх ашгийг илэрхийлсэн шийдвэр болно гэж үзэх вэ гээд олон асуудал байна. Ийм асуудлууд УИХ-д яригдаж байна. Цаашдаа Засгийн газрыг бүрдүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй шийдвэр гаргах үйл явц үргэлжилнэ. Төрийн ажлыг зөв хуулийн дагуу явуулахад МАН-ын бүлэг оролцоно. МАН-аас болж төрийн ажил явахгүй байгаа мэтээр хэвлэл мэдээллээр сурталчилж байна. Гэтэл Ерөнхий сайдын асуудал өнөөг хүртэл орж ирээгүй байна. Байнгын хороодыг хэрхэн хуваарилах асуудлыг шийдээгүй. Ийм ажлуудын үр дүнг харж дүгнэлт хийнэ. Дахин хэлэхэд, хуулийн дагуу УИХ-ын үйл ажиллагааг гацаахгүй явуулах талд МАН зогсоно.
-Яг хугацаа хэлэх боломж байна уу. Хуралдаанд оролцох?
- Нөхцөл байдал яаж бүрдэхийг харж байна. Асуудлаа хуулийн дагуу зөв оруулаад ирэх хэрэгтэй. Тэгвэл чуулганы хуралдаанд орно. Бид хуралдааныг хойшлуулах тухай, орохгүй байх тухай огт яриагүй. Энэ талаар зөвшилцөл үргэлжилж байна. АН-ын бүлгийн даргатай байнгын холбоотой байгаа. Манай намын бүлгийн зүгээс тавьсан гурван асуудлын талаар тодорхой байр сууриа ойлголцож байна. Нэгдүгээрт, Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийн шүүх хурал маргааш болно. Шүүх хурал хуулийн дагуу явах юм бол сонгогчдын эрх ашгийг хамгаалсан, төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн эрх барих ажилд оролцох нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гарах байх гэж найдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг бид яагаад харж байна гэхээр эхнээсээ манай сонгогдсон хоёр гишүүний эрхийг түдгэлзүүлсэн, хуралд оролцохгүй байгаа шүүхийн шийдвэр нь өөрөө хууль бус. Эхэлж хэрэг үүсгэсэн хоёрынх нь нэгийг нь прокурор хүчингүй болгсон. Энэ байдлыг шүүх харгалзаж үзэх байх. Түүнээс биш шүүхийг тийм, ийм шийдвэр гаргах ёстой гэж тулгаж байгаа юм биш. Шүүх хуулийн хүрээнд шийдвэрээ гаргах байх гэсэн байр суурьтай хүлээлт үүсээд байна.
-Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргасан. Тэр асуудал юу болсон бэ?
- Үндсэн хуулийн цэц бидний тавьсан гомдлыг шийдвэрлэх байх. МАН-ын гишүүд эрхийнхээ хүрээнд уг асуудлыг тавьсан. Манай намын гишүүдийн зүгээс заавал Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээлнэ гэсэн байр суурь баримтлаагүй. Түүнчлэн санал тоолох машины эргэлзээг тайлах гэсэн саналд АН-тай ойлголцсон гэж бодож байна. Хяналтын тооллого явуулах саналд зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн. Чухам хэзээ, ямар хэлбэрээр явуулах уу гэдгийг жич ярьж шийдвэрлэнэ. Талууд алхам алхмаар ойлголцох үйл явц үргэлжилж байна гэж хэлье. Ер нь парламентын хамгийн наад захын жишиг бол цөөнхөө хүндэтгэж байр суурийг сонсч, тэднийг хуралдаанд заавал оролцуулж байх тухай олон улсын парламентын холбооны зөвлөмж хүртэл бий. Монголын парламемт энэхүү ёс дэгийг, жишгийг мөрдөх ёстой. Үүнгүйгээр УИХ-ын ажил явахгүй. Хүнд байх болно. Учир нь МАН-ын төлөө саналаа өгсөн олон зуун иргэний үзэл бодол байр суурь УИХ-д яригдахгүй. Тэдний бодож саналаа өгсөн тэр зүйлүүд нь УИХ, Засгийн газраас гарч буй шийдвэрүүдэд тусгалаа олохгүй явна гэдэг бол сүүлийн 20 жил олонхоороо асуудлаа шийддэг цөөнхөө хүндэтгэж ажиллаж ирсэн зүйл үр дүнгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид Засгийн газарт орж албан тушаал авахын төлөө нөхцөл байдлыг хараад хүлээгээд байгаа хэрэг огт биш. Манай нам сөрөг хүчин болж ажиллана. Цөөнхийн эрх ашгийг хамгаалж төлөөлж ажиллана гэдгээ зарласан. Биднийг хүлээж байгаад эвийг нь олж Засгийн газарт орох сонирхолтой байна гэж ойлгож байгаа бол ташаа ойлголт.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ