Баянзүрх дүүрэгт "Нэг цонхны үйлчилгээ"-ний төв үйл ажиллагаагаа эхлүүллээ
Төрийн олон үйлчилгээг нэг дороос иргэдэд хурдан шуурхай, хүртээмжтэй, хүнд сурталгүйгээр хүргэх зорилготойгоор үндэсний хэмжээнд хэрэгжиж буй Нэг Цонхны Үйлчилгээ (НЦҮ)-ний төв нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг иргэдэд ойртуулах, ил тод, хөнгөн шуурхай болгох зорилгоор хэрэгжиж байгаа НЦҮ төсөл нь одоогийн байдлаар:
21 аймаг, нийслэлийн 8 дүүрэг, бүсийн төв Хархорин, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Төв аймгийн Баянчандмань суманд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр Баянзүрх дүүрэгт байгуулагдаж буй НЦҮ-ний төв нь үндэсний хэмжээний 34 дэх төв юм.
Баянзүрх дүүрэгт “Нэг цонхны үйлчилгээ” -ний төв нээгдсэнээр тус дүүргийн иргэд нийгмийн даатгал, хөдөлмөр, нийгмийн халамж, иргэний бүртгэл мэдээлэл, газрын харилцаа, татвар, архив, өргөдөл хүсэлт, хууль эрх зүйн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэйгээр нэг дороос авч цаг болоод мөнгөө хэмнэх боломжтой болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ