
Mонголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газартай 2012-2013 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд нийлүүлж байгаа мэдээлэл, программ хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болов.
Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс орон даяар хэрэгжүүлэх эрт илрүүлгийн үзлэгийг удирдах, зохион байгуулах, хяналт тавих үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцсоны дагуу нийт 40 сая төгрөгийн өртөг бүхий уг төхөөрөмжийг өчигдөр гардуулан өгсөн юм.
Эдгээр тоног төхөөрөмж нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл, программ хангамжийг сайжруулах, тогтвортой үйл ажиллагааг хангах зориулалтаар олгож байгаа юм.
Мөн халдварт бус өвчний илрүүлэг үзлэгийн бүртгэлийн мэдээллийн сан бий болгох, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулах, үйлчлүүлэгч нарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөд арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулахад зориулагдах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ