Сүүлийн үед нийслэлийн захын хорооллын гудамжинд золбин нохдод хазуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гарч байгаа. Хотын захиргааны харьяа холбогдох газраас золбин нохдыг устгах зохион байгуулалттай арга хэмжээ авч эхэлжээ. Энэ ажилд хотын төсвөөс жилд З00 сая шахам төгрөг зарцуулдаг ч төдийлөн хүрэлцдэггүй байна. Өнгөрсөн сард 3528 нохой устгасан ч хүүхэд хөгшдөд халдах тохиолдол багасахгүй байна. Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Хот тохижилтын газрын орлогч дарга Ц.Сумжаваас энэ талаар тодруулав.
-Сүүлийн үед захын хорооллоор нохой агнах ажиллагаа явагдаж байна. Хот тохижилтийн газраас явуулж байна уу, эсвэл хууль бус анчид агнаад байна уу гэх хардлага иргэдийн дунд төрж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Нохой, муурны устгалын ажлыг Улаанбаатар хотын захирагчийн харьяа хот тохижилтын газар хариуцдаг. Хотын хэмжээний золбин нохой, муурыг манайх устгах ажлыг дааж хийдэг. Найман гэрээт анчинтай. Гэрээт анчид шөнө гурван цагаас үүрийн таван цаг хүртэл золбин нохдыг агнах ажлыг хийдэг. Сүүлийн үед сумны асуудал ажил явуулахад хүндрэлтэй байна. Олдоц муутайгаас болж ажил бараг зогсож байна гэж хэлж болно. Золбин ноход хүүхэд хазах тохиолдол элбэг гарч байгаа. Хүүхэд гэлтгүй том хүмүүс ч нохойнд хазуулах нь бий. Энэ үед иргэдээс ирсэн дуудлагын дагуу очиж агнах ажлыг хийж байна. Сүүлийн үед нохойг хууль бус анчид агнаад байна гэсэн дуудлага ч мэр сэр гарч байна. Тэгэхээр иргэд ийнхүү болгоомжилж байгаа нь буруу зүйл биш. Ийм зүйлтэй иргэд таарах юм бол золбин нохой агнаж байгаа хүмүүсийн бичиг баримт зэргийг шалгах, эргэлзээтэй санагдвал манайх руу ч хандах боломжтой.
-Хот тохижилтын газрын анчдыг иргэд хэрхэн таних боломжтой вэ?
-Ачааны машинтай хотын төвд явах зөвшөөрөлтэй, калибр буутай. Иргэд хардаж байгаа тохиолдолд тухайн хүний бичиг баримтыг шалгах хэрэгтэй.
-Айлын нохой буудах тохиолдол цөөнгүй гарч байна?
-Айлын нохой агначихсан тохиолдол ганц нэг удаа гарч байсан. Гэхдээ анчид айлын хашаан дотор байгаа уяатай нохойг очоод буудчихсан асуудал байхгүй. Харин гудамжинд явж байгаа золбин нохдыг агнаж байгаа. Тэгэхлээр ард иргэддээ сануулж хэлэхэд орой үдэш нохойгоо хашаандаа уяачээ. Түүнээс анчид энэ айлын нохой гэж ялгахгүй. Гудамжинд хүн рүү дайрсан тохиолдолд иргэдээс гомдол ирвэл яалт ч үгүй агнаж л таардаг.
-Сум байхгүйгээс танай ажил зогслоо гэж байна. Энэ асуудлаар холбогдох газруудад нь хэлж ярьсан уу?
-“Их Ав” сум болон буу зэвсэг нийлүүлдэг зөвшөөрөлтэй ганцхан компани байдаг юм байна. Тухайн компани манайд хэрэглэж байгаа калибр бууны сум ашиг олдоггүй гээд сүүлийн хоёр жил оруулж ирээгүй. Манай байгууллага гэрээт анчиддаа зах зээлээс сумаа олж авах үүргийг өгөөд ажиллуулж байгаа. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу очиж үйлчлэх хэмжээнд л ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар 44 мянган нохой агнасан байдалтай байна. Жилд 60 мянга гаруй нохой устгадаг юм билээ.
-Агнасан нохойгоо хэрхэн устгалд оруулдаг уу. Устгалд оруулалгүй хятадуудад худалдаалах, жижиг цайны газарт борлуулах зэрэг асуудлууд цөөнгүй гардаг тухай иргэд гомдол мэдүүлдэг үү?
-Цагаан даваа,Нарангийн энгэр зэрэг хогийн цэгүүдэд ирсэн хогийг ангилах, устгах зэрэг бүх ажлыг хариуцаж хийдэг. Нохой муурыг ч мөн адил энэхүү цэгүүдэд нүх ухаж булах ажлыг хийдэг. Тун удахгүй газарт булдаг зүйлээ зогсоох боломжтой болох юм. Бид нохой муурыг хийж шатаах зуухтай болно. Энэхүү хүсэлтээ Байгаль орчны яам руу бичгээр хүргүүлсэн. Бичгийн хариу ирчихвэл энэ асуудал шийдэгдэх боломжтой. Ингэснээр байгаль орчинд ээлтэй бөгөөд булсан нохойн махаар бизнес хийж хэрэглэж байна гэх хандлага алга болно.
-Нохой устгалд зориулан их хэмжээний мөнгө зарцуулдаг. Гэтэл яагаад золбин нохдын тоо буурахгүй байна вэ?
-Эзэнгүй нохой олширч байна мөн нохой сүүлийн жилүүдээс харж байхад жилд ганц гөлөглөхөө больсон байна. Жилд нэгээс гурван удаа гөлөглөх тохиолдол элбэг болжээ. Эм нохой нэг гөлөглөхөөрөө 7-8 гөлөг гаргадаг. Энэ нь золбин нохдын тоо буурахгүй байна.
-Гэрээт анчид хэдэн төгрөгийн цалинтай вэ, нэг нохойн устгалын мөнгө өмнөхөөсөө нэмэгдсэн үү?
-2009 онд НИТХ-аас гаргасан захирамжын дагуу нохой устгалын үнийг нэмсэн. Уг нь 2500 төгрөгөөр агнадаг байсан бол өнөөдөр 5000 төгрөгийг олгож байгаа.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ