
УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор архи, мөнгө тараасныг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн тогтоосон. Уг шийдвэрийг хариуцагчид эсэргүүцэн нийслэлийн Шүүхэд гомдол гаргасан юм. Эл гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ.
Хэдийгээр харьяалалын бус шүүхээр хэрэг шийдэгдсэн гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаад буй ч зарим хуульчдийн тайлбараар Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн үйл явдал болсон нутаг дэвсгэрийн шүүх эсвэл гомдол гаргаж буй иргэний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүх асуудлыг шийдвэрлэх эрх, үүрэгтэй хэмээн заасан байдаг.
Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн талаар гомдол гаргасан иргэн нь Хан-Уул дүүрэгт оршин суудаг хүн байсан гэнэ.Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.18.16-д сонгуулийн сурталчилгаанд насанд хүрээгүй хүүхэд татан оролцуулахыг хориглосон төдийгүй 35 дугаар зүйлийн 35.35-д хэрэв дээрх заалтыг зөрчсөн нь нэр дэвшигчийг бүртгэснээс хойш тогтоогдсон бол нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж заасныг Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй хүүхэд ашиглаж хууль зөрчсөн гэж хариуцлагад татжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ