
Apple компанийн мэдэгдсэнээр шинээр гаргаж буй iPhone болон iPad –ын програм хангамжид YouTube сайтын аппликейшн багтахгүй учир хэрэглэгчид веб хөтчөөр дамжин сайт руу орж видео бичлэг үзэх шаардлагатай болох аж.
Компанийн төлөөлөгч Трүди Мюллерийн хэлснээр YouTube-ийн аппликейшныг програм хангамжид багтаах Apple компанийн лицензийн хугацаа дууссан бөгөөд уг сайтыг эзэмшдэг Google уг аппликейшны татаж авах хувилбарыг хийж байгаа гэнэ. Гэхдээ яагаад лицензээ сунгаагүй талаар тайлбар хийгээгүй байна.
Google компани iOS хэрэглэгчиддээ YouTube-ийг хамгийн сайнаар хүргэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.
Google ухаалаг гар утсанд зориулсан өөрсдийн гэсэн үйлдлийн системтэй бөгөөд энэ нь iPhone утасны iOS 6 үйлдлийн системтэй өрсөлдөж байгаа юм.
Зургадугаар сард Apple шинээр гарч буй үйлдлийн системдээ Google Maps-ийг суулгахгүй, өөрийн гэсэн аппликейшн хийхийг мэдэгдсэн юм. Apple зүгээр сууж байгаад мөнгө олохыг Google-д зөвшөөрөхгүй нь хэмээн шинжээчид үзэж байна.
Apple компани өөрийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэргээр олон компанийг шүүхэд өгч байгаа билээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ