Зуншлага оройтсоноос ургац хураалтын ажил хожуу эхлэх нь. Цаг үеийн энэ ажлын бэлтгэл ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Рэнчинсэнгээгээс тодрууллаа.
-Ургац хураалтын бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Ургац хураалт гэдэг бол хүн хүч, их хөдөлмөр шаардсан ажил. Хураасан үр тариагаа хадгалж нөөцлөх агуулах саваа бэлтгэх, тээвэрлэх зам харгуйгаа засч янзлах гээд олон ажил байгаа. Энэ бүхнийг ид хийж байна. Яамны зүгээс ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах комисс ажиллуулж байгаа. Энэ комисс жил болгон гардаг. Энэ ажилд бүх яамдаас жил болгон оролцдог. Энэ жил урьд жилийнхээс илүү хүн хүч шаардлагатай болно. Яагаад гэвэл улсын хэмжээнд нийт 281,2 мянган га-д үр тариа тариалсан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс илүү талбайг хамарч байгаа юм. Энэ жилдээ урьдчилсан байдлаар төмс 200 мянга, төрөл бүрийн хүнсний ногоо нийлээд 90 мянга, улаан буудай 490 мянган тонныг тус тус хураана гэж тооцоолж байгаа. Урьдчилсан баланс гарахаар энэ бүхэн тодорхой болно. Гэхдээ энэ буурах юм уу өсөх магадлалтай.
-Цаг агаарын байдал, тэр дундаа бороо их орж байгаа нь тариалалтад сөргөөр нөлөөлж байна уу?
-Бороо орох нь нэг талдаа сайн. Нөгөө талаар дулааны хангамж жаахан дутуу байгаа учраас дулаан дутагдаж ургамлын болц удааширч байгаа явдал ажиглагдаж байгаа. Тийм учраас ургац хураалт тав, арав хоногоор оройтож эхлэх магадлал өндөр байна. Зарим газруудад хугацаандаа хураах магадлал байгаа боловч зарим газраар жаахан оройтно.
Энэ жилийн тарималын байдлыг ажиглаж байхад зун оройтож, дулаан жаахан дутсан. Үр суулгац цэцэглэх явц хожуу байгаа учраас буудайн хувьд зарим газарт толгойн хэмжээ жаахан бага, төмсний булцуу жижиг байгаа байдал ажиглагдаж байна. Харин байцаа, хүнсний ногооны тарималын хувьд сайн байгаа. Түрүүчийнх нь худалдаанд гарсан. Найман сарын дундуур төмс хураалт эхлэх гэж байна. Улаан буудайн хувьд ангилан хадах зайлшгүй шаардлагатай байгаа.
-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад ургац хураалтын төлөвлөгөө урьдчилсан байдлаар хэр байна?
-Манай яамны хувьд буудайн 100, хүнсний ногооны 60 хувийг хангана гэсэн зорилтыг тавин ажиллаж байгаа. Ургац хураалтын баланс тогтоогдоогүй байгаа учраас одоогоор илүү, дутуу гэж хэлмээргүй байна. Цаг агаар нийт тариалангийн бүс нутгуудаар таатай байсан учраас ямартай ч өнгөрсөн жилийнхээс бага ургац авахгүй гэж тооцоолоод байна. Энэ сарын 20-д гэхэд баланс гарч бүх зүйл тодорхой болно.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ