Зоос банкыг дампууруулагчдыг шүүнэ
Зоос банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдсон тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэнэ.Тэднийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.
Уг хэрэгт Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Зоос банкны гүйцэтгэх захирал асан Ш.Чуданжий, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгасан юм. Гэвч мөрдөн байцаалтын явцад Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн, ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг гэм буруутай нь нотлогдоогүй юм.
Харин тус банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм. Түүнийг банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргаж байв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүний хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ.
Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс улсад төлүүлэх тэрбум төгрөгийг захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр болсон юм.
Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ