48 кг-ийн жинд олимпийн дэвжээнд 19 бөх хүч үзнэ

img

Зуны олимпийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхэлж 48, 63 кг-ийн жингийн жин үзэлт болж сугалаа гарлаа. 48 кг-ийн жинд 19 бөх өрсөлдөж байна. Энэ жинд зодоглож байгаа “Мега-Старс” клубын тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт колумбын бөх Каролина Кастильо Хидальготой барилдана. Түүнийг ялбал дараа нь аргентиний бөх Патрисиа Алихандра Бермудезс, Польшийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт, Европийн аварга Ивона Нина Матковска хоёрын аль ялсантай нь таарч барилдана. Хоёр ялж чадвал дараа нь Азербайжаны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европийн гурван удаагийн аварга Мария Стадник, АНУ-ын бөх, дэлхийн аварга Кларисса Чун, Хятадын бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Жао Шаша нарын аль нэгтэй нь таарч барилдах магадлал байна. Энэ хэсэгт Украиний бөх, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Ирина Мельник-Мерлени бас байгаа юм. Нөгөө хэсэгт нь Казахстаны бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Жылдыз Ешимова-Туртбаева, Канадын бөх, олимпийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Кароль Хьюн, Японы бөх, дэлхийн олон удаагийн аварга Хитоми Обара Сакамото нарын шилдэг бөхчүүд өрсөлдөх юм байна. Д.Отгонцэцэг нь уг нь 51 кг-ийн бөх, энэ жиндээ өнгөрсөн онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, энэ жил болсон Бүх ард түмний спортын наадамд хүртэл 51 кг-ийн жиндээ барилдаж түрүүлж Японд болсон эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд үндсэн жиндээ барилдсан. 48 кг-ийн жинд доошилж барилдахдаа албан ёсны тэмцээнд 2 удаа л оролцсон, 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болсон Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээн, 2012 онд БНХАУ-ын Таньюань хотод болсон олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд 48 кг-ийн жинд барилдаж тус тус алтан медаль авсан. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ