
63 кг-ийн жинд 20 бөх өрсөлдөж байна. Энэ жинд зодоглож байгаа “Хилчин” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин С.Батцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоутой барилдана. Түүнийг ялбал гуравдугаар тойрогт АНУ-ын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Елена Пирожкова, латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьева хоёрын аль ялсантай нь таарч барилдана.
Энэ хэсэгт шведийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Ханна Юханссон, японы бөх, олимпийн хошой аварга, дэлхийн 7 удаагийн аварга Каори Ичо, канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мартина Дюгренье нар байна. Тийм болохоор манай бөх хоёр ялсан тохиолдолд эдгээр бөхчүүдийн хэн нэгэнтэй нь мөнгөн медалийн төлөө барилдаж болох юм.
Нөгөө хэсэгт нь хятадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Риуксю Жанг, оросын бөх ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Любовь Волосова, унгарын бөх, ДАШТ-ний мөнгөн медальт Марианна Шастина, украиний бөх, ДАШТ-ний хүрэл медальт Юлия Остапчук, казахстаны бөх, олимпийн хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Елена Шалыгина, польшийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Моника Ева Михалик нарын дэлхийн шилдэг бөхчүүд өрсөлдөнө.
С.Батцэцэг 2010 онд дэлхийн аварга болсноосоо хойш олимпийн наадамд оролцох зорилгоор жингээ тавьж өнгөрсөн оны ДАШТ-нийг өнжсөн. 63 кг-ийн жинд 2011 онд болсон нээлттэй ”Mongolian Open” УАШТ-нд алтан медаль, 2012 онд Украин улсад болсон олон улсын тэмцээнд хүрэл медаль, ”Mongolian Open” тэмцээнд алтан медаль хүртэж энэ онд Бүх ард түмний наадамд түрүүлсэн. Японд болсон Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд 4 удаа барилдахдаа хоёр ялалт байгуулсан. Нээлттэй ”Mongolian Open” УАШТ-нд Е.Пирожковаг ялж байсан юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ