
Олимпийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд алтан медаль авсан Өмнөд Африкийн усанд сэлэгч Камерон ван дер Бург тэмцээний үеэр булхайцсанаа хүлээн зөвшөөрсөн байна. Усанд сэлэгчид гараанаас хөдлөхдөө хөлөөрөө нэг л удаа тийрэлт хийх ёстой, эс тэгвээс алдаа хийсэнд тооцогддог байна. Тэгвэл Камерон гурван удаа хийсэн болохыг бичлэг дээрээс харагджээ.
Тэрээр “Sydney Morning Herald” сонинд өгсөн ярилцлагадаа илүү хөдөлгөөн хийснээ хүлээн зөвшөөрсөн боловч ийм зүйл хийсэн ганц хүн биш хэмээн өөрийгөө өмөөрчээ. “Хэрвээ ингэхгүй бол чи хоцрох болно. Тиймээс бусад шигээ дүрэм журмаас халихгүй бол чи тийм ч их мэрийхгүй байна аа гэсэн үг. Энэ нь тийм ч ёс зүйтэй хэрэг биш боловч би дөрвөн жилийнхээ хөдөлмөрийг баллахыг хүсээгүй ” гэжээ.
Гэхдээ онолын хувьд Камерон алтан медалиа алдахгүй юм. Учир нь заргалдах хугацаа дуусчээ. Тэглээ ч сэргээш хэрэглэсэн нөхдүүдийн дэргэд түүний илүү хөдөлгөөн шалихгүй хэрэг юм. Сагсан бөмбөгийн тэмцээний үеэр илүү алхалт хийх, хөлбөмбөгийн үеэр бөмбөгөө алгадах гээд олонхи тамирчид болж өгвөл дүрмээс гажих гэж оролддог шүү дээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ