С.Батцэцэг Латвийн бөхийг 5 оноогоор шидэж шуугиулав
Эхний тойрогтоо хийлж, хоёрын даваанд Төв Африкийн гуншин багатай бөхийг цэвэр ялсан 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг Латвийн хүч түрэн гарч ирж буй залуу бөх, Европийн аварга Анастасия Григорьеватай барилдлаа. Латви бүсгүй өмнөх даваанд АНУ-ын бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Елена Пирожковаг гурван үед ялсан билээ. Энэ завсар олимпийн хошой аварга, дэлхийн долоон удаагийн аварга Каори Ичо Канадын бөх, дэлхийн хошой аварга Мартин Дугреньег ялсан байна.
С.Батцэцэг Латвийн бөхийг эхний үед хонгодож шидээд 5 оноо авч ордонд цугласан үзэгчдийн цөсийг хөөргөлөө. Одоогоор олимпийн дэвжээнд ийм гоё мэхийн оролдлого ховорхон гараад байна. Дараагийн үед ч санаачилгыг аван эхний гурван оноог өөрийн болгов. Гэвч хариу мэхэнд орсноор 4 оноо алдан золтой л цэвэр даруулсангүй. Харин төгсгөлд сайхан тайван барилдан нэг нэгээр оноо авч 5:4-өөр хожлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ