Гэрийн эзэд 100 жилд гаргаагүй амжилтаа үзүүлэв
Лондон-2012 олимпийн наадмын 12 өдрийн дараах байдлаар хамгийн олон (542) тамирчинтай Их Британийн баг 22 алт, 13 мөнгө, 13 хүрэл, нийт 48 медаль хүртсэн амжилтаар БНХАУ, АНУ-ын дараагаар гуравдугаарт явна. Өчигдөр дугуйчин сэр Крис Хой, триатлонч Алистер Браунли нарын шилдгүүд нь алтан медаль зүүж Британийн баг 1908 оны олимпийн наадмаас хойшхи хамгийн өндөр амжилтдаа хүрчээ. Цаашид Лондон-2012 өндөрлөтөл таван хоногийн хугацаа байгаа болохоор энэхүү амжилтаа улам ахиулах биз ээ. Түүнчлэн олимпийн наадмаас зургаадахь алтан медалиа зүүсэн сэр Крис Хой нь энэ орны хамгийн өндөр амжилттай тамирчны хэргэмийг сэр Стив Редгрейвээс "булаан" авлаа.
Дашрамд сонирхуулахад Их Британийн багийн Лондон-2012 олимпийн наадамд үзүүлсэн гайхамшигт амжилтыг есдүгээр сарын 10-ны өдөр Лондоны төв гудамжинд сүр дуулиантай тэмдэглэх, ард нийтэд алдаршуулах ажил зохион байгуулах шийдвэрийг холбогдох албаны хүмүүс өчигдөр гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ