32 жилийн дараа эргэн ирсэн үнэтэй медаль
Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг Лондон-2012 олимпийн дэвжээнд дөрөв дэх барилдаанаа сая хийлээ. Энэ удаа тэрээр хүрэл медалийн төлөө Канадын нэртэй бөх, 67 кг-ийн дэлхийн гурван удаагийн аварга Канадын Мартин Дугреньетэй өрсөлдсөн юм.
Тэртээ 1980 оны Москвагийн олимпоос хойш Монголын чөлөөт бөхийнхөн медаль хүртээгүй ирсэн хар цувралыг зогсоогоосой гэж нийт монголчууд хүсч байсан билээ. Энэхүү жинд 2011 оны ДАШТ-ий хүрэл медаль хүртэн олимпийн эрхийг авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа ч Батцэцэгийгээ дэмжин энэ барилдаанд нь амжилт ерөөж байлаа. Олимпийн эрхээ алдсан О.Насанбурмаа Монголын олимпийн багийнхантай хамт Лондонд ирээд байгаа юм. "Батцэцэгтэй барилдаан таарна, хожих байх аа" хэмээн барилдааны өмнө тэр өгүүлсэн байна.
Эхний үе
Хоёр бөх нэгнээ анаж байсан ч квебек бүсгүй хөлд орж, тэндээс манай бөх жийж дэвжээнээс гаргаад 1 оноо авлаа. Дахиад л Мартин зүүн хөл авч, дахиад л бүтэлгүйтлээ. Батцэцэг жийж тойроод хоёрдахь оноогоо авснаар эхний үе өндөрлөв. Канадын дэмжигчид уул нь хүчтэй юм сан, дуу нь гардаггүй ээ.
Хоёрдугаар үе
Эхний оноог манай бөх өөрөө явж авлаа. Цаг дууслаа. Ийнхүү Монголын олимпийн баг Лондонгоос дөрөвдэх медалиа зүүгээд байна.
Барилдааны дараа чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчинтэй баяр хүргэж товч уулзахад "Канадын бөх том барьцтай, барилдаан нь таарахаар байсан. Тэгээд бидний сонгосон тактик үр дүнд хүрлээ. Японы бөхтэй барилдахад нэг л болж өгсөнгүй. Эхний үеийн мушгиагаа Батцэцэг гүйцээж гараа дарж хийсэн бол амжилтад хүрэхээр байлаа. Гэвч чадсангүй" гэлээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ