У.Мөнх-Эрдэнэ хүнд сорилгыг давлаа
64 кг-ийн жинд 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эзэн орны боксчин, ДАШТ-ий хүрэл, Европийн АШТ-ий хошой мөнгөн медальт Томас Столкертэй амь өрссөн ширүүн тулаан хийлээ. Ялагч нь медалийн тавцанд гишгэх тавилантай энэ тулааны эхний үед манай боксчин давуу тоглож байна. Гэвч шүүгчид тал засан 6:6 гэсэн оноо даржээ. Зөвхөн Кубын шүүгч манай боксчинд давуу 10:5 оноо зааж, бусад нь бөөрөнхий шийдвэр гаргалаа.
2-р үед тэнцүүхэн өрсөлдөөн өрнөв. Харин энэ удаа шүүгч нарын арай шударга шийдвэр гарч 8:7 (14:13) гэсэн дүн харуулав. Өнөө куба шүүгч ганцаараа англи залууд давуу оноо өгч мангарлалаа.
Сүүлчийн үед эхлээд англи эр давуу байдал харуулсан ч Мөнх-Эрдэнэ тэр дор нь хэдэн сайхан оновчтой цохилт хийлээ. Бас л ойролцоо үе болов. Дүн юу гэж гарах бол?
Ялалт. 23:22
Ийнхүү Монголын баг Лондон-2012 олимпийн дэвжээнээс тавдахь медалийн болзол хангалаа. Хоёр боксчин маань цаашид медалийн өнгөө хувиргах боломжтой.
Тоглолтын дараа монголчуудын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрч, "ExCel" ордныг өргөх шахаж байлаа. "Үзэгчидтэй, шүүгчидтэй нь хожлоо" гэлцсэн монголчуудын нүдэнд баярын нулимс гүйлгэнэсэн харагдана. Энэ үеэр У.Мөнх-Эрдэнэ хэвлэл мэдээллийнхэнтэй уулзахдаа "Миний оролцсон гуравдахь олимпийн наадам энэ. Олимпоос медаль зүүхийг маш их хүсч байсандаа хүрлээ, сэтгэл их хөдөлж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ