
Хотын мэр Э.Бат-Үүлийн нийслэлд хэрэгжүүлэх гол ажлын санаа өмнөх НИТХ дахь АН-ын бүлгийн шаргуу тавьж байсан шаардлагаас эхтэй. Б.Ариунболд даргатай есхөн төлөөлөгчтэй энэ бүлэг их хотыг сүүлийн 10 гаруй жил завсаргүй удирдсан МАН-ын ноёрхолд цэг тавихад ихээхэн түлхэц болсон юм. Тэд газрыг хууль бусаар эзэмшиж, гэр хорооллын иргэдийн хашааны газрыг чөлөөлөх нэрийн дор хямд үнээр барилгын компаниуд худалдан авч, орон сууцаа өндөр үнээр зарахыг ихээхэн эсэргүүцэж байлаа. Энэ асуудлыг НИТХ-ын сонгуульд тугаа болгож орсон АН үнэмлэхүй ялалт байгуулсан.
Улсын баатар Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болонгуутаа газрыг хууль бусаар эзэмшсэн бүх ажиллагааг таслан зогсооно гэдгээ хатуу мэдэгдсэн юм. Үүний цаана гэр хорооллыг төвлөрсөн болон хэсэгчилсэн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбон, гэрэлтүүлэг тавьж, явган зорчигчдын замтай, автомашины дардан зам, гүүртэй болгохоор амласан. Ингэснээр иргэдийн хашааны газар үнэ цэнэтэй болдог нь амьдрал дээр зах зухаасаа харагдаж байна. НИТХ-аас нийслэлд шинээр барилгын ажил эхлүүлэхийг хориглосон тогтоол гаргасан боловч зарим компани газар ухаж, барилгын суурь тавьсаар байгаа нь хэл ам дагуулсаар байна.
Улаанбаатарын шинэ удирдлага агаар, хөрсний бохирдол, хог хаягдал, замын түгжрэл, ажилгүйдэл зэрэг нийслэлд олон жилээр хуримтлагдсан асуудлыг нэг мөр цогцоор нь шийдэх аргыг орон сууцжуулах гэж үзэж байгаа юм. Иймээс анх 40 мянган айлын орон сууц, дараа нь 100 мянган айлыг орон сууцжуулах дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажээ.
С.Аня
СЭТГЭГДЭЛ БИЧИХ