Дизайнер А.Баянзул: Тансаг амьдралаас татгалзсандаа одоо ч харамсдаггүй

img

NTV телевизийн “Төгс ертөнц” загварын нэвтрүүлгийн продюссер, сэтгүүлч, дизайнер А.Баянзултай ярилцлаа. Загварын ертөнцөд үзэгчдээ зочлуулж, сайхан бүхнийг мэдрүүлж яваа авьяаслаг бүсгүй маань дизайнераас гадна маркетингийн чиглэлээр давхар ажиллаж байсан нэгэн юм. -Загварын ертөнцийн мэдээлэл, шинэ содон бүхнийг хүргэдэг бүсгүй маань хэдийд  “Төгс ертөнц”-ийг нээсэн бол. Бас нэрний тухайд? -Анх дизайнер гэсэн мэргэжлийг сонгох болсон шалтгаанаа яримаар байна. Долдугаар ангидаа зургийн сонгоны ангид шалгалт өгч тэнцэхэд аав минь “Эмэгтэй хүн оёж шиддэг уран гартай байх хэрэгтэй” гээд н.Билэгмаа багшийн ангид оруулснаар энэхүү сайхан мэргэжлийг сонгосон түүхтэй. 14-тэйдээ монголын анхны патент авсан, загварчилсан дээл тоорцог бүхий “Бэрцэцэг”  нэртэй бүтээл хийснээр МУБИС-д шалгалтгүй орсон. Сургуулиа дүүргээд АНУ-ын Сиетл хотын “Fashion academy”-ыг хувцасны дизайнер мэргэжлээр төгсч ирсэн дээ. Ингээд “Шилмэл загвар” компанид мэргэжлийн дизайнераар таван жил ажилласан. Би хувцас загвараас гадна маркетингийн чиглэлээр давхар ажиллаж байлаа. Энэ ч утгаараа брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид загварын талын мэдлэгтэй хүн маркетинг дээр ажиллавал илүү үр дүнтэй гэсний дагуу “Говь” компанийн саналыг хүлээж авсан. Хэдийгээр багахан хугацаанд шинэ  бүрэлдэхүүн дээр хамтарч ажилласан ч “Говь” компанийн хамгийн анхны “Gobi magic” шоуг амжилттай зохион байгуулснаар тус компанид жил бүр загварын шоугаа хийдэг уламжлал бий болсон юм. Тэгэхээр хувцас загвартай холбоотой гол ажлуудыг ч гэсэн амжилттай бүтээлцсэн гэж боддог. Загвар зохион бүтээгчийн хувьд “Хувцаслалтын талаар нэвтрүүлэг хийгээч” гэсэн санал маш их ирсэн тул  сэтгүүлчээр суралцаж төгссөн дөө. Улмаар сэтгүүлч, дизайнер мэргэжлээр өөрийн  санаачлан гаргасан “Төгс ертөнц” нэвтрүүлэгтээ “NTV” телевизийн чадварлаг уран бүтээлчидтэй  хамтарч  ажиллаад явж байна. Эхэндээ гадаад нэр сонгосон ч, тэр үед МҮОНТ заавал монгол нэр байх хэрэгтэй гээд найруулагч н.Байгаль эгч энэхүү сайхан нэрийг сонгоход тусалсан юм. Нэвтрүүлгийн логогоо би өөрөө зохиосон. Зүү, түүн дээрээ титэмтэй, тэгээд утас болон “Төгс ертөнц”-ийн англи үсгүүд бий. -Бусад нэвтрүүлгээс ялгарах онцлог, давуу тал олон байгаа байх. Энэ талаар ч урьдчилж төлөвлөсөн биз? -Нэвтрүүлгээрээ үзэгчиддээ хэт хотжсон соёлт иргэншилт нийгэмд хэрхэн өөрийн зөв имиджийг бүрдүүлэх вэ. Өнгө дизайны төгс шийдэл гэж юу хэлэх вэ. Ямар дизайнтай орчинг сонгох вэ. Дэлхийн загварын ертөнцөд юу болж өнгөрөв. Энэ бүхэнд хариулт өгч дизайны урлагын бүхий л онцлог мэдээлэл, бүтээлийн шинж чанар, ашиг тус, хэв маяг, тавигдах шаардлага, үйлчилгээ, үр өгөөж, таних тэмдгийн талаархи бүх төрлийн мэдээ мэдээллийг булан хуудсуудаараа багцлан хүргэхийг хичээдэг. Нэвтрүүлэгтээ урьж буй уран бүтээлчдийг хувь хүн талаас нь бус түүний уран бүтээлч сэтгэлгээ, хийж буй бүтээл, загвараараа хэлэх гэсэн санааг нь тодотгож өгөх, улмаар эдгээр нь таны амьдралд ийм учраас хэрэгтэй юм байна шүү гэдгийг ойлгуулах гэж зорьдог  учраас үзэгчдэд таалагддаг байх гэж боддог. Үзэгчид тухайн нэвтрүүлгээс өнөөдрийн амьдрал, ажил хөдөлмөр, орчин тойрон болоод найз нөхдөд нь хэрэгтэй, хүссэн мэдээллээ авах боломжтой гэдэг тал дээр анхаарч ажиллахыг хүсдэг юм. -Нэвтрүүлгийнхээ шоу тоглолтыг хоёр ч удаа хийж байсан. Ямар арга хэмжээ болдог вэ? -Бие биенээ дэмжээд ажиллавал манай дизайнерууд их зүйлийг бүтээх чадвартай. Тиймээс загварын ард үлддэг дизайнеруудыгаа нэгтгэе гэсний үндсэн дээр өнгөрсөн жил би нэвтрүүлгийнхээ 100 дахь дугаарын баяр буюу “Төгс ертөнцөд тавтай морил” нэртэй Fashion party зохион байгуулсан. Энд монголын  томоохон загвар зохион бүтээгч, загвар өмсөгч болон “Төгс ертөнц” нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг бүх уран бүтээлчдийг нэгтгэсэн цэнгүүн хийсэн юм. зочид маань бүх дизайнеруудыг нэгтгэсэн  сайхан үйл ажиллагаа явууллаа гэж санал сэтгэгдлээ илэрхийлээд “монголд дизайнеруудын өдөр гэж байдаггүй юм байна. Энэ өдрийг дизайнеруудын өдөр болгооч” гэж санал тавьсан юм. Тиймээс уг цэнгүүнээ би энэ жил арванхоёрдугаар сарын 23-нд дахин хийсэн. Загварын сэтгүүл, дизайнер, гоо сайхан, хувцас зохион бүтээх бүхий л салбарын уран бүтээлчид зэрэг Fashion-той холбоотой бүхий л газруудыг нэгтгэн тухайн жилийн онцлогийг харуулсан загвар, гоо сайхны уран бүтээлүүдээ толилуулж, нүүр будалт, үс заслын үзүүлбэр болон fashionable уран бүтээлч, хамтлаг дуучид маань ая дуугаа өргөсөн давхар баярыг хийсэн дээ. Үүнийг маань үнэлээд бусад хүмүүс ч гэсэн бидэнтэй нэгдэж ажиллаасай гэж боддог. Би сайн, чи муу гэхээсээ илүүтэйгээр хамтран ажиллая, хүчээ нэгтгэе гэж уриалахыг хүсдэг. -Гадаад руу хүртэл үзэгчдээ “дагуулж” явсан шүү дээ. Хөтлөгчөөс гадна хувь хүнийхээ хувьд ч гэсэн мэдэж авсан зүйл олон байгаа байх? -Нэг их олон газраар яваагүй ч Европ, Ази, Америкийн хэд хэдэн орноор ажлын болон хувийн шугамаар явж байлаа. Өнгөрсөн наймдугаар сард “Төгс ертөнц” нэвтрүүлгийн үзэгч санал тавьсан учир Италийн Милан хотыг зориод ирсэн. Загварын ур чадварын хувьд монголын дизайнерууд сайн. Загвар бүтээлээ дэлхийн түвшинд гаргахад санхүүгийн бэрхшээл их тулгардаг юм шиг санагддаг, бидний нэвтрүүлэгт ч мөн адил. Мэдээж юм үзэж, нүд тайлахын хэрээр ажил, амьдралдаа хэрэгжүүлэх наад захын харилцааны соёлоос эхлээд ажил зохион байгуулах чадвар гээд нэлээд зүйл сурч хэрэгжүүлдэг. -Загвар өмсөгч, топ моделиудтай хамгийн ойр байдаг хүнд тэдний ертөнцөөс чухам юуг мэдэрдэг бол. Хувь хүн, ажил мэргэжлийнх нь онцлог гээд л? -Ихэнх ажил хамтын бүтээл, хамтын ажлын үр дүн байдаг гэж би ойлгодог. Загвар  өмсөгч, дизайнерууд нягт хамтран ажилладаг. Олон дотор сайн, муу зүйл байлгүй л яахав.  Дизайнераа хүндэлж, хийсэн уран бүтээлийг нь үзэгч, хэрэглэгчдэд гайхамшигтайгаар хүргэж байгаа моделиудаараа бахархдаг. “Төгс ертөнц”-ийн хувьд, нэвтрүүлгийхээ шторкийг би жил бүр шинэчилэн хийдэг. Энд моделиудаас гадна make up aptist, имижмейкерүүд ажилладаг. Энэ жилийн шинэ шторкийн зураг авалтад “Монгол модель”-ын топ моделиуд, “Туяарах” салоны стилистүүд, “УЭДС”-ийн “GT” загварын товчооны топ дизайнеруудтай хамтран ажилласан. -Нэвтрүүлгээс гадна таны хувцаслалт, стиль имиж үзэгчдийн анхаарлыг эрхгүй татдаг. Гоёлоо та өөрөө урладаг уу, сонголтоо яаж хийдэг вэ? -Ихэнх хувцас, цүнх, ээмэг зүүлтээ өөрөө оёж, хийгээд л зүүдэг байлаа. Хааяа аав ээждээ дээл  хийж өгнө. Эфирийнхээ гоёлыг УЭДС-ийн “GT” загварын товчооны дизайнеруудын урласан сайхан хувцсаар бүрдүүлдэг. Нүүр будалт, гоо сайхныг минь “Туяарах” салоны бүсгүйчүүд хариуцдаг. -Бүсгүй хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Харин таны хувьд, үнэхээр төгс эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол?   -Муухай эмэгтэй гэж байхгүй, муу эмэгтэй л гэж байдаг байх. Дотроосоо гэрэлтсэн төгс эмэгтэйчүүд олон бий. Сэтгэл ариун, зөв бодолтой явах нь төгс гоо сайхан юм уу даа. Гадаад үзэмжийн хувьд “Та өөрийнхөө хувцаслалтад хэр хандана, хүмүүс танд ч бас тэгж хандана” гэсэн үгэнд итгэдэг. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг үг бий. Энэ ойлголт дэлхийн аль ч оронд түгээмэл байдаг. Айлчилж ирсэн хүнийхээ ухаантай, эрдэмтэй эсэхийг нь уулзаж ярилцаагүй байж яахин мэдэх билээ. Тэгэхээр хамгийн эхний цензур бол хувцас. Гадаад байдал, биеэ авч явж байгаа намба төрхөөрөө ч бусдад төрүүлэх сэтгэлийнх нь нийлбэр цогцын тухай энд хэлж байна. Тухайн хүний өмссөн хувцас, байдал төрх нь орчноо хэрхэн үздэг, ямар хүсэл сонирхолтой, ямархуу ааш зантай хүн болохыг нь аяндаа хэлээд өгнө. Өөрөөр хэлбэл, өмссөн хувцсаа хэрхэн зохицуулж  чадсанаараа уг хүн хэр соёл боловсролтой, ямархуу ааш зантай болохоо харуулдаг. -Та өөртөө үргэлж сэтгэл хангалуун байж чаддаг уу. Манайхан сайн эзэгтэй, сайхан эмэгтэйн шинж гээд л олон зүйлийн тухай ярьдаг. Энэ бүхнээс авч үзвэл, танд хэчнээн нь байгаа вэ? -Эмэгтэй хүний есөн сайхан шинж гээд дунд сургуульд “Улаанбаатар хотын манлай охин” тэмцээнд орж байхдаа цээжилж байсан удаатай. ...Өнгөнд цэвэр Үйлэнд уран Үрдээ энэрэлтэй Үргэлж цэмцгэр Ханьдаа түшигтэй Хадамдаа ээлтэй Үгэнд цэцэн Найранд дуутай Настанд өргөлтэй Нартад ерөөлтэй... гэх шинжүүд санаанд орлоо. Энэ бол сайхан бүсгүйн шинж чанар. Би хоол хийх дуртай, хувцас хунараа хэнээс ч гуйхгүй засч янзална. Шаардлагатай бол ямар ч хувцсаа оёод өмсөнө. Хүнд боломжоороо туслах, баярлуулахыг хичээдэг. Охиндоо сайн найз, сайхан ээж нь байж чаддаг гэж бодож байна. Уурлаж уцаарлахыг урьтал болгодоггүй. Хувь хүн талаасаа  гэнэн,  итгэмтгий зантай. Заримдаа бодлогогүй зүйл хийнэ ээ, хийнэ./инээв/ Харин найранд дуулах хэцүү, би ганцхан “Дэнсээ хүү” гэдэг л дуутай. Одоо ч бараг моодноос хоцорсон дуу болсон байх. Эмэгтэй хүний гол чанар нь хүлээцтэй, хүндэтгэлтэй, тэвчээртэй зан байдал гэж хэлнэ. Эмэгтэйчүүд торгон утас шиг мэдрэмтгий, уян хатан хүмүүс байдаг. -Яг ямар үе, аль агшинд та өөрийгөө бусдаас илүү гэдгийг мэдэрдэг бол. Таныг юу чимдэг гэж боддог вэ? -Би өөрийгөө бусдаас илүү, дутуу гэж дүгнэх дургүй. Хийж байгаа зүйлдээ л сэтгэл хангалуун явахыг хичээдэг. Намайг зан байдал маань чимдэг байх. -Эмэгтэй хүн гэр орны ажилтай зууралдаж, үр хүүхдээ асрах ёстой гэж боддог эрчүүд цөөнгүй. Харин таны хувьд? -Энэ бодолтой санаа нийлдэггүй ээ. Хосууд өөр өөрсдийн ажил амьдралыг зохицуулаад сурчих хэрэгтэй. Миний хувьд ажил, гэр бүлийн дотоод болон гадаад бүх асуудлаа хэнээс ч хамаарахгүй зохицуулахыг хичээдэг. -Амьдралаас олж авсан хамгийн том зүйл юу гэж боддог вэ. Бас таныг аз жаргалтай болгож буй бүхнээсээ хуваалцаач? -Мэдээж миний сайхан ээж, аав, хөөрхөн охин минь. Мөн сайхан ажил, хамт олон, найз нөхөд. Сайхан хүн болгож төрүүлсэн нь эцэг эхээс хамааралтай, сайн яваа нь ажил, нийтэч хамт олноос хамааралтай. Хүчтэй байгаа нь хамтарч ажилладаг байгууллага, итгэлтэй яваа нь найз нөхдийн тус дэм болов уу. -Сэтгэл хөдлөлөө яаж гаргадаг вэ. Нууц биш бол, сул болон давуу талуудаа хэлээч гэвэл? -Нуух зүйл байхгүй ээ, их сэтгэлийн хөдлөлтэй. Сэтгэл хөдлөхөөр хүүхэд шиг хөөрч онгирно, бас инээмтгий, их хурдан ярьдаг./инээв/ -Чөлөөт цагаараа юу хийх дуртай бол. Одоо хийж байгаа ажлаас гадна өөрийн авьяас, хүч чадлыг сорих сонирхлыг тань чухам юу татдаг вэ? -Охинтойгоо гадуур зугаалж, хөгжилтэй яриа өрнүүлж, тохилог ресторанд хоол идэх дуртай. Мөн хүүхэлдэйн кино, баримтат кино үздэг шүү. -Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд нүд унагадаг зүйл чинь юу байдаг вэ. Гоёлын тань цуглуулгыг сонирхоё? -Хамгийн содон харагдаж байгаа зүйлд нүд тусна. Сонирхсон зүйл минь ганц байж таардаг шүү. Гоёлын цуглуулгадаа байгалийн үнэт чулуу, цагаан алтыг сонгож хэрэглэх дуртай. -Охид залуусын соёл, стиль имижийн талаар ямархуу бодолтой байна. Бас хөтлөгчдийн өнгө төрхийг ч гэсэн, өөрийн нүдээр үнэлж дүгнэдэг байх? -Орчин үед охид залуус үзэл санаа, хүсэл сонирхлоо хувцаслалтаараа илэрхийлдэг болж. Ер нь хувцасны хийц загвар байнга өөрчлөгдөхийн сацуу бидний ойлголт ч тэр хэмжээгээр өөрчлөгдөж байдаг. Тиймээс ямар хувцсыг хэзээ, яаж өмсөх вэ гэсэн бэлэн жор байдаггүй. Харин хийц загварыг нь хэзээ яаж болон хэдий хэмжээгээр дуурайж болох вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Хийц загварыг ямар ч утга учиргүй зүйл болтол нь хэтрүүлж болохгүй. Юуны түрүүнд өөрийхөө бие галбир, насны байдал, эрүүл мэнд, гоо сайханд таарч байна уу гэдгийг анхаарах ёстой. -Хэзээ нэгэн цагт өөрийгөө ямар нэг амьтантай зүйрлэж байв уу. Таны дотоод ертөнц өнгөөр жишвэл ямар байх бол? -Ер төсөөлж байсангүй ээ. Төсөөлөхөөр болбол, би өөрийгөө эрвээхэй гэж бодно. Яагаад гэвэл эрвээхэй эрх чөлөөтэй, өнгөлөг, хөнгөн амьтан. Өнгөөр төсөөлбөл, би өөрийгөө улаан өнгөөр харна. Энэ өнгө маш их эрч хүчтэй, галзуу, цоглог, хэзээ ч унтардаггүй. -Мөнгөөр дутагдаж үзсэн үү. Мөнгө гэдэг таныхаар..? -Нэг их дутагдлаа, илүүдлээ гэж харж байгаагүй, бодож ч байгаагүй. Би заримдаа их хэнэггүй, хэр баргийн зүйлийг тоодоггүй зантай. Түрийвчиндээ 1000 төгрөгтэй явах үе ч таарна. Мөнгө бол зөвхөн хэрэглээ. Мөнгөтэй, тансаг амьдралаас татгалзаж байсан миний сонголт одоо ч зөв гэж боддог шүү. -Бясалгал хийж байсан уу.Сүүлийн үед хүүхнүүд зөв хооллох дэглэм, бясалгах урлагийг нэлээд сонирхож байгаа.Таны хувьд, гоо сайхандаа хэрхэн анхаарал тавьж байна? -Манай гэр бүлийхэн бясалгагч. Ээж минь /хүмүүсийн хэлж заншсанаар/ “Хатанбаатар”-ын бясалгалд явдаг байсан. 2003 оноос эхлэн гэр бүлээрээ явах болсон доо. Жил бүр Зайсан дахь зуны бясалгалд явдаг байлаа. Харин сүүлийн хоёр жил л явсангүй. Гоо сайхандаа тодорхой хэмжээгээр анхаарна. -Ажил, амьдралын онцлогоос хамаараад хүмүүс энэ нийгэмд “багтай” явах болсон нь нууц биш? -Хэн нэгэнд таалагдах гэж дүр эсгэх, бусдаас илүү байх гэж би хэзээ ч хичээж байгаагүй. Зарим бүсгүйчүүд ажилдаа нэр хүндтэй, даруу төлөв байхыг хэтэрхий их чухалчилдаг. Гэвч яваандаа тэд  ааштай, ажилгүй, арчаагүй нэгэн болж хувирдаг юм билээ. Миний хувьд бусадтай энгийн, дотно, хүндэтгэлтэй харьцдаг. Аливаа зүйл үнэнээрээ байх л сайхан байдаг даа. -Ярилцлагынхаа төгсгөлд уншигч охид бүсгүйчүүддээ хандаж юуг хэлэх бол? -Өөртөө итгэлтэй бай. Өөрт чинь таалагдаж байвал бусдад ч гэсэн таалагдана гэж хэлмээр байна. Эх дэлхий, эх орон, аав ээж, найз нөхөд, амраг хань, бяцхан үрс, айл саахалтынхнаа хайрлаж яваарай гээд бүх уншигчиддаа сайн сайхны дээдийг хүсье. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

...:
xooe baynzulaa tanai noxor chine minii oriig ogoxgv muriad bn mongoo awmaar bn
2015-09-12
buuuuuuubbbbb:
yawdalt bnuu guu hend hamaatai bn ajil huwi hun 2g salgaj oilguul baraw bishuuu. oorinhoo durt mergjileer amjiltt ajilj bga n boljil bn shd
2014-02-11
aimaar yavdaltai huuhen gesenshdee
2012-11-02
tungaa:
mash mundag busgui um . baharhaj bna.amjilt.
2012-08-09
доороосоо 2 дахь асуултанд бүгд л ингэж хариулах юм баггүй хүн одооны нийгэмд хол явахгүйшдээ
2012-08-09