
1990 онд Архангай аймгийн Хашаат суманд төрж тус сумын дунд сургуулийн биеийн тамирийн багш Дэмбэрэлийн Дондовын удирдлага дор 2005 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлэсэн.. 2008 онд сумынхаа дунд сургуулийг төгсөж МУБИС-ийн япон хэлний ангид элсэн орсон. 2008 оноос “Замчин” клубт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхлэсэн, одоо “Хилчин” спорт хороонд харьяалагддаг.
2008 оноос эмэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт Улсын заан, Гавьяат тамирчин З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
2008 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цол авч 2010 онд Гавьяат тамирчин цолоор шагнуулсан.
Самбо, чөлөөт бөхөөр аймгийн аварга цолыг 8 удаа хүртэж 2005 онд өсвөр үеийн УАШТ-нд мөнгөн медаль, 2007 онд Хүүхдийн спортын наадамд алтан медаль, 2008 онд залуучуудын УАШТ-нд алтан медаль, Бүх ард түмний наадамд 2008 онд хүрэл, 2012 онд алтан медаль, насанд хүрэгчдийн УАШТ-нд 2009, 2010 онуудад алтан медаль, 2011 онд мөнгөн медаль авсан.
2007 онд Тайваны Тайчинг хотод болсон Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 2008 онд Катар улсын Доха хотод мөнгөн медаль, 2009 онд Филиппин улсын Манила хотод алтан медаль, 2010 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, Ази тивийн элсний аварга шалгаруулах тэмцээнд Тайланд улсын Паттая хотод 2009 онд хүрэл медаль хүртсэн.
2009, 2010 онуудын ДАШТ-нд 2 удаа, эмэгтэй багуудын Дэлхийн цомын төлөө тэмцээнд 3 удаа оролцсон.
2012 онд Англи улсын Лондон хотод болсон Зуны олимпийн наадаммын 63 кг-ийн жинд зодоглож нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ӨАБНУ-ын бөх Сильвия Датту-Нгонга Тараагоуг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт латвийн бөх, европийн аварга Анастасия Григорьеваг 5:0, 5:4 оноогоор хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд японы бөх Каори Ичод 0:1, 0:4 оноогоор өвдөг шороодож дараа нь канадын бөх, ДАШТ-ний хүрэл медальт Мартина Дюгреньетэй барилдаж 2:0, 1:0 онооны харьцаагаар ялж хүрэл медаль хүртэв.
2010 онд ОХУ-ын нийслэл Москва хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт канадын бөх, олимпийн наадмын мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ний хошой хүрэл медальт Тоня Лунн Вервеекийг 1:2, 8:4 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт бразилийн бөх Суиза да Сильваг 4:0, 1:0 онооны харьцаагаар дийлж хэсгийн аваргын төлөө барилдаанд японы бөх, дэлхийн дөрвөн удаагийн аврага Аяко Шодаг 0:2, 3:3, 3:5 онооны харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдаанд хятадын бөх, дэлхийн залуучуудын аврага Чжан Ланыг 4:0, 4:0 онооны харьцаагаар ялж дэлхийн аварга цолыг хүртсэн.
АНУ-ын Колорадо-Спрингс хотод болдог олимп, дэлхийн аварга Д.Шульцийн нэрэмжит олон улсын тэмцээнд 2011 онд мөнгөн медаль, “Mongolia Open 2012” тэмцээнд алтан медаль, Украин улсад болдог олон улсын тэмцээнд 2012 онд хүрэл медаль хүртсэн.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ