Түүх бүтээгч

img

Лондоны XXX зуны олимп үргэлжилж энэ цаг мөчид хүн төрөлхтөний спортын гайхамшигт түүх шинэ шинэ хуудсаар баяжсаар байна. Тэдгээр түүхүүдийн нэгийг хөнгөн атлетикийн тэмцээн уралдааны үеэр олны анхаарлын төвд байсан ӨАБНУ-ын гүйгч, паралимпийн 4 алт, 1 хүрэл, ДАШТ-ий мөнгө, тивийн аваргын хошой мөнгөн медальт Оскар Писториус үлдээлээ. Илдэн дээр гүйгч буюу хамгийн хурдан хөлгүй хүн хэмээгддэг Оскар Писториус олимпийн түүхэнд эрүүл саруул тамирчидтай өрсөлдсөн анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон бичигдэв. Тэрбээр эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн замд эрүүл тамирчидтай өрсөлдөн эхний уралдаанд хэсэгтээ 7 тамирчнаас 45.44 секундын амжилтаар хоёрдугаар байрт бичигдэж хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлж чадсан юм. БНСУ-ын Дэгү хотноо өнгөрсөн жил болсон хөнгөн атлетикийн ДАШТ-д Оскар Писториус оролцож эрүүл саруул, өв тэгш бие эрхтэнтэй тамирчидтай эн зэрэгцэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрсөлдсөн анхны тохиолдол болон түүхэнд үлдэж байсан бол өдгөө олимпийн тавцанд өрсөлдөгч болон гялалзаж хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрч чадлаа. Ингэснээрээ тэр хөгжлийн бэрхшээлтэй олон орны олон иргэдэд тэрбээр итгэл найдвар бэлэглэсээр байна. Оскар ӨАБНУ-ын Йоханнесбург хотод 1986 оны арваннэгдүгээр сарын 22-нд Хэнк болон Шейла Писториус нарын гэрт төрсөн. Харамсалтай явдал тохиож хүү нэг нас ч хүрээгүй 11 сартайдаа өвчний улмаас хоёр хөлөөсөө хагацсан гэдэг. Эцэг эх хоёр нь нялх хүүгээ аварч үлдэхийн тулд ийм сонголт хийхээс аргагүй болсон аж. Оскар ч эцэг эхийнхээ энэ шийдвэрт харамсаж байгаагүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг дунд сургуульд сурч байх үеээсээ Оскар спортод хайртай нэгэн болж өсөж өндийж байлаа. Улмаар рэгби, усны поло, теннисээр хичээллэж дугуйлангуудад идэвхтэй явж эхэлсэн гэдэг. Хөлнийхөө бэрхшээлээс түр ч болтугай холдох гол алхам нь түүнд спорт байсан гэдэг. Тиймээс тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагддаг тэмцээн уралдаануудын төрөл бүрээр хичээллэж эхлэх болов. 2003 онд хөлний протез буюу хиймэл хөл орлогч өмсөж өглөө оройгүй гүйдэг болсон аж. Багаасаа спортоор явж чийрэгжсэн бие галбир нь хиймэл хөлөө чадварлаг бат бөх эзэмшихэд нь тус болж тэрбээр ойрын зайн уралдаануудад оролцож улмаар их сургууиа төгсөх жилээ ӨАБНУ-ын хөгжлийн брэхшээлтэй иргэдийн аварга гүйгч болсон байна. Улмаар 2004 оны Афины олимпийн паралимпд улсаа төлөөлөн оролцох болсон нь түүний спортын алтан карьерын эхлэл байлаа. Оскар Писториус Афины паралимпээс 100 метрт хүрэл, 200 метрийн төрөлд алтан медаль хүртэж эх орон, эцэг эхээ баярлуулсан юм. Энэ мөчөөс эхлэн Оскар өөр зүйлд хүсэн тэмүүлж тэмцэх болов. Энэ нь эрүүл саруул тамирчидтай олимп, дэлхийн аваргын талбайд өрсөлдөх хэцүүхэн хүсэл юм. 2008 оны зуны олимпод оролцох хүслээ тэрбээр өөрийн улсын Хөнгөн атлетикийн холбоогоор дамжуулан Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд илгээсэн боловч түүнийг нэмэлт хэрэгсэл ашиглан уралддаг, хүний бие эрхтний бус зүйлсийн тусламжтайгаар амжилтад хүрдэг гэсэн шалтгаанаар оролцуулаагүй. Гэсэн ч Оскар Писториус сэтгэлээр унасангүй. 2008 оны Бээжингийн паралимпд оролцон 100, 200, 400 метрийн төрөлд аваргалж, гурван алтан медаль хүртэж хүн төрөлхтнийг бишрүүлсэн юм. Үүнийхээ дараа ч тэр сэтгэл амарсангүй, жирийн тамирчидтай өрсөлдөх хүсэлтээ шантралгүй удаа дараа илэрхийлж байлаа. Тэгээд ч зогссонгүй түүний хүсэлтийг зөвшөөрөөгүй олон улсын хөнгөн атлетикийн холбоог арбитрын шүүхэд өгч шүүхээс хөгжлийн бэрхшээлтэй тамирчны хүсэл зоригийг дэмжсэнээр Оскар Писториусын удаан хугацааны тэмцэл дууссан гэдэг. Ингэснээр түүний өмнө эрүүл тамирчидтай уралдахын тулд биелүүлэх ёстой 45.24 секундэд 400 метр зайг туулах сорилт ирсэн. Үүнийгээ ч тэрбээр биелүүлж Италид болсон олон улсын зэрэглэлийн хөнгөн атлетикийн тэмцээний 400 метрийн төрөлд 45.07 секундэд зайг туулж барианд орсноор ийнхүү 2011 оны Дэгүгийн ДАШТ-д оролцох эрхээ олж авсан юм. Дэгүгийн дэлхийн аваргын үеэр Өмнөд Солонгосын төдийгүй дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд яах аргагүй Оскар Писториус орж байлаа. Дэлхийн олон улсаас шигшигдэн ирсэн гүйгчдийн дунд хоёр хөлгүй, протез дээрээ зогсох Оскарын зураг Солонгосын бүх хэвлэлийн нүүрэнд гарсан гэнэ. Оскар Писториусын хүсэн хүлээсэн цаг мөч ирж тэрбээр 400 метрийн эхний гүйлтэд амжилттай гүйж эрүүл тамирчдыг хол орхин 1/8 шигшээд багтсан. Энэ нь түүний олон жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлсэн цаг мөч байсан бизээ. Харамсалтай нь дараагийн гүйлтэд Оскар хангалттай хурдалж чадсангүй тэмцээнээс хасагдсан. Зарим эх сурвалжуудад дурдаж буйгаар Оскар Писториус эрүүл тамирчидтай медалийн төлөө өрсөлдөх хурд, хүч хангалттай байлаа. Харин түүнийг хэвлэлийнхэн хэт их сонирхсоны улмаас түүний сэтгэлзүйн бэлтгэлд нөлөөлж улмаар хоёр дахь уралдаандаа бүдэрлээ хэмээн бичиж байсан. Магадгүй түүний амжилтад сониуч хэвлэлийнхэн нөлөөлсөн ч байж мэдэх. Одоо ч гэсэн Лондоны олимпод түүнийг сонирхогчид болон шүтэн бишрэгчид, хэвлэлийнхэн энэ хэд хоногт түүнээс салсангүй гэнэ. Ямартай ч тэр олон жилийн хүсэл мөрөөдлөө биелүүлж, удаан хугацааны тэмцлээ ялалтаар дуусгаж бүх хүн төрөлхтөний өмнө хоёр хөлгүй хүн дэлхийн хурдан гүйгчдийг ардаа орхиж чадсан гайхалтай мөчийг олимпийн түүхэнд үзүүлж чадсан. Олимпод оролцоно гэдэг түүний хүсэл мөрөөдлийн оргил болох тухай тэрбээр ярьдаг байжээ. Тэр хөгжлийн бэрхшээлтэй, өсөн торниж буй олон хүүхэд, залуусын амьдралын итгэл найдварын гал болон дүрэлзэж түүхийг бүтээж чадлаа. Н.Өрнө          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zolboo:
Ene bol gaihamshig uragshaa Oskar
2012-08-09
Uneheer gaihamshigtai yum aa..
2012-08-09
x:
XXX...X useg ch aimaar aguu yum daaaa
2012-08-09
mgl:
er zorig, itgel naidvar, gaihamshigiig buteegch yumaa. . .
2012-08-09