Ерөнхий сайдыг сонгох асуудлыг хэлэлцэж байна

img

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр 17.08 цагт эхэлж 71-ээс 52  гишүүн хүрэлцэн ирсэн байв. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон юм. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Анхдугаар чуулганаас хойш хуралдаанд  МАН-ын гишүүд оролцоогүй. УИХ хуулийн дагуу хуралдааныг явуулья гэсэн шаардлага тавьсан. Тийм зүйл байхгүй. Хариуцлагатай сөрөг хүчин байх  байр суурьтай байна. АН-ын даргатай  өнгөрсөн хугацаанд таван удаа уулзсан. Байр суурь зарим зүйлд нэгдэж зөвшилцөлд хүрсэн. Нэгдүгээрт, сонгогчдын тодорхой хэсгийн төлөөлөл УИХ-д орохгүй байгаад АН ямар байр суурьтай байгаад асуулга тавьсан. Олонх бүрдүүлсэн улстөрийн хүчин яаж ажиллах вэ гэдэг асуудлыг тавьсан. Удаа дараа ярьсан. Хоёр намын дарга ярилцаад УИХ-ыг яаралтай бүрдүүлэх ёстой гэсэн байр суурьд  нэгдсэн. Хоёрдугаарт, дахин тоолллого хийх эргэлзээг арилгах үүднээс санал тоолох ажлыг дахин зохион байгуулах талаар хоёр тал нэгдсэн. Гуравдугаарт, УИХ-ын даргыг сонгосон үйл явц хууль зөрчсөн гэдэг саналыг тавьсан. АН-ын дарга эл асуудлыг нэгдсэн чуулганд тавьж болно гэсэн. Мөн МАН-ын бүлэг  байхгүй гэсэн мэдээлэл  их гарч байна. МАН-ын бүлэг бий, бид нэгдсэн чуулганд оролцож явна” гэсэн юм. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Харилцан ойлголцох саналыг  өглөө бүлгийн хуралд ярьсан. Ө.Энхтүвшин даргын хэлсэн асуудалд УИХ-ыг бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахад санал нэгдсэн. Хоёрдугаарт, санал тоолох машинтай холбоотой асуудлыг дахин тоолоход буруу зүйл байхгүй. УИХ-ын дарга сонгосон асуудал  хуулийн дагуу явсан гэж үэж байгаа. Дөрөвдүгээрт, УИХ-ын тухай хуульд бүлэг байгуулах асуудлыг хэрхэн  заасан  түүгээрээ шийдвэрлэнэ гэсэн зүйлийг ярьсан гэв. УИХ-ын гишүүн  Н.Энхболд  “УИХ-ын даргыг сонгосон тухай маргааныг шийдвэрлэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан учраас одоо ярих шаардлаггүй гэж үзэж байна. УИХ-ын даргаа  баталгаажуулахын тулд дахин санал хураая гэсэн  горимын санал гаргалаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын чуулган тасралтгүй явж ирсэн. Горимын саналыг хүлээж авах боломжгүй”  гэсэн саналыг хэлэв. Харин  С.Эрдэнэ гишүүн  хэлэлцэх асуудлынхаа хүрээнд асуудлаа ярих ёстой гэсэн саналыг дуулгаад ойлголцсон гэж  МАН-ын дарга нь ярихаар  бүлгийн дарга нь тэс өөр асуудал тавьж байна гэв.  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “С.Эрдэнэ гишүүн төрийн ажил гацаалаа гэх юм. Бид ажил гацаагаагүй. Дуугай хүлээж байна. Та нар бантангаа  хутгаж  дуусаагүй. УИХ-ын даргаа сонгож, байнгын хороодоо байгуулж байгаа шүү дээ. Бид яаж саад болсон бэ. Хэнээс юм нэхээд байна” гэж уцаарлав. Үүний дараа  Н.Энхболд гишүүний горимын саналыг  хэлэлцэх асуудлыг нэмэх эсэхэд санал хураалт явуулсан боловч дэмжигдсэнгүй. Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж танилцуулга хийлээ. Дараа нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Ерөнхий сайдад нэр дэвшсэн   АН-ын дарга Н.Алтанхуягын талаарх санал дүгнэлтийг танилцуулсны дараа  гишүүдийн асуулт хариулт  явсан юм.  УИХ-ын гишүүн А.Уянга ”Засгийн газрын тэргүүнээр ажиллахаар ямар дорвитой ажил хийх вэ” гэсэн асуултад эвслийн Засгийн гарын мөрийн хөтөлбөрт тусгагдсан  хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Товчхон хэлэхэд, иргэдийг ажил орлоготой  болгох, шударга ёсыг тогтоох чиглэлээр ажиллана гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл  Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх талд та ямар байр суурьтай байна вэ, хоёрдугаарт, үнийн өсөлтийг хязгаарлах талд ямар  арга хэмжээ арга хэмжээ гэсэн асуултад  одоогийн байгаа  орон тоог нэмэхгүй. Хариуцлагыг чангатгана гэв. Үнийн өсөлтийн хувьд сонгууль гээд явж байхад үнэ талийсан. Одоо ажиллаж буй хүмүүс юу хийсэн бэ гэж асуумаар байна. Олон жил засагт ажилласан хүмүүс дэмжиж ажиллана биз  гэсэн хариултыг  өглөө. Яг одоо асуулт хариулт үргэлжилж байна. Н.Түвшин Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАН амар сайхандаа жаргаваа гэж та нар завсарлага авах эрх байхгуй оорийн шидсэн чулуу оорийн толгой дээрээ гэж Нямдорж сайн хууль засварлаж баталсан байлаа гэж хахахахаха хаааааа
2012-08-09