
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр манай улсад суугаа зарим улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү Улаанбаатар хотын шинэ Засаг даргад бараалхсан анхны Элчин сайд байлаа. Тэрбээр юуны өмнө Нийслэлийн Засаг даргаар сонгогдсонд баяр хүргээд, Улаанбаатар хотын оршин суугчдын аж амьдралыг сайжруулахын төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй учир Япон Улсын зүгээс буцалтгүй тусламжаас илүү хөнгөлөлттэй зээл олгох бодлого барих ба үүнийг Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх ямар ажилд зарцуулах талаар хотын шинэ удирдлагуудтай ойрын үед ярилцана гэдгээ хэллээ.
Япон улсын дэмжлэгтэйгээр Улаанбаатарт хийгдсэн олон ажил хотын нүүр царайг илтгэсэн сайн ажлууд болдогт талархаж явдгаа хотын дарга хэлсэн.
Мөн БНФУ-ын Элчин сайд Ув Дэлунэ хотын шинэ даргад бараалхаж, ажлын амжилт хүсээд Парис-Улаанбаатар хотуудын харилцаанд түлхэц өгч ажиллахад бэлэн байгаагаа дуулгав.
“Парис хоттой хамтарч ажиллана гэдэг бараг дэлхийн бүх хотуудын мөрөөдөл байдаг. Түүх, соёлын арвин өвтэй Парис хотын туршлага бидэнд маш чухал. Парис хоттой өргөн хүрээнд хамтран ажиллах талаар өөрийн зүгээс бололцоотой бүхнийг хийх болно” хэмээн Улаанбаатарын мэр онцлосон. Хот байгуулалтын үлгэр болсон Парисын төлөөлөгчдийг ойрын үед Улаанбаатарт урьж, 12 дугаар сард парламентаар хэлэлцэх Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөн дээр талууд эхний ээлжинд хамтарч ажиллахаар боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ