Ерөнхий сайдад Н.Алтанхуягийг дэмжин баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 17.08 цагт эхэлж Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулан 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. Тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Ингэснээр 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон УИХ Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг томиллоо. Харин шинэ Засгийн газрын тэргүүн ирэх өдрүүдэд танхимаа бүрдүүлэх ажилд орох юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн товч намтар 1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. Боловсрол: 1976-1981 онд МУИС төгссөн, биофизикч, физикийн багш мэргэжилтэй, 1982-1984 онд МУИС-ийн англи хэлний оройн курс, 1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг төрийн захиргааны удирдлагын чиглэлээр дүүргэсэн. Москвагийн Улсын Их сургууль, Гумбольдтын их сургуульд биофизикийн чиглэлээр, ХБНГУ-д намын ажлын удирдлагын чиглэлээр суралцсан. Англи, орос хэлтэй.
Ажилласан байдал: 1981-1990 онд МУИС-д багш, 1990-1992 онд Монголын Социал-демократ намын нарийн бичгийн дарга, 1992-1993 онд Удирдлагын хөгжлийн институтэд сонсогч, 1993-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал, 1994-1996 онд Монголын Социал-демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1996-2000 онд Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, 1999 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга, 1999-2000 онд Монголын Социал-демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, 2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2008 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. УИХ-ын 2008 оны 9 сарын 19-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар томилогдож, 2009 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Тэргүүн Шадар сайдаар улиран томилогдож байсан юм. Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ