Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд тамга тэмдгээ хүлээн авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүдийн 72.4 хувийн саналаар баталсан юм. Ийнхүү Норовын Алтанхуяг нь Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд боллоо. Чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх үеэр танхимын нөхөд нь шинээр бүрэлдэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, эвсч ажиллах МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн мөрийн хөтөлбөр болоод ядуурлыг бууруулахад ямар ажил хийх вэ зэрэг олон асуултын хариултыг нэр дэвшигчээс авсны дараа зарим гишүүд саналаа хэлсэн юм.
Хоёр цаг гаруй хугацаанд асуулт, хариулт, санал хэлэх ажиллагаа үргэлжилж улмаар санал хураалт явагдан шинэ Ерөнхий сайдыг томилох тогтоолыг баталсан билээ. Үүний дараа шинээр томилогдсон Ерөнхий сайд Н.Алтанхуягт Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд С.Батболд Ерөнхий сайдын тамга шилжүүлэх ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болсон.
Шинээр томилогдсон Ерөнхий сайдад тамга шилжүүлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Алтанхуяг болон Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайдаар ажилласан С.Батболд нарт баяр хүргэсэн юм.




















Н.Түвшин
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ