
Лондон-2012 зуны олимпийн ХХХ наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Монголын спортын түүхэнд хамгийн олон олимп, дэлхийн медалийг хайрлаж, олон олон алдарт аваргуудыг төрүүлсэн уг спорт манай ард түмэн, спорт сонирхогчдын анхаарлын төвд ямагт байсаар ирсэн.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 55 кг ба 74 кг-ийн жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.
Энэ өдөр Монголын баг тамирчдаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ П.Өнөрбат нар олимпийн дэвжээнд зодоглох юм.
Тус жингийн сугалааг та бүхэнд сонирхуулья:
55 кг-ын жинд Бээжин-2008 олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Болгарын Радослав Великов, дэлхийн хошой аварга Узбекистаны Дильшод Мансуров, дэлхийн аварга БНАСАУ-ын Ян Кён-Иль, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, Ираны Хассан Рахими, Европийн хошой аварга ОХУ-ын Жамал Отарсултанов нарын 19 бөх зодоглоно. Б.Наранбаатар 14 дугаарыг сугалан эхний тойрогт Ираны бөх Хассан Рахимитэй барилдахаар болжээ.
Тэдний хэн ялсныг нь Энэтхэгийн Амит Кумар хүлээн гоц мөргөсөн бөгөөд сугалааны энэ хэсэгт Болгар, Тажик, Гүрж, Египетийн бөхчүүд байна.
74 кг-д мөн 19 тамирчин зодоглоно.
Энэ жингийн луугарууд нь дэлхийн хошой аварга ОХУ-ын Деннис Царгуш, дэлхийн залуу аварга АНУ-ын Жордан Барроуз, өмнөх олимпийн медальт Узбекистаны Сослан Тигиев, Болгарын Кирилл Терзиев, 2011 оны ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт Ираны Салег Гударзи, Азербайжаны Ашраф Алиев, Гүржийн Давит Хуцишвили нар.
Тус жинд эх орноо төлөөлөх ОУХМ П.Өнөрбат эхний тойрогт Гүржийн бөх Давит Хуцишвилитэй оноолт таарчээ.
Тэдний дараагийн тойрогт өрсөлдөх хүн нь Гвиней-Биссау болон Венесуэлийн сул учраагийн ялсан нь байх аж.
Сугалааны хувьд дундаж хэмээн дүгнэж болох ч олимпийн наадамд ганц хоёроос бусад нь сул гэхээргүй учраа билээ.
Гэхдээ хүний алдар цол, аварга гуншинтай нь барилдаж байгаа биш, тэднийг ялан дийлж байж гэмээнэ олимпийн тэнгэрт од болон гялалзах ёстой юм.
Урьдчилсан шатны барилдаан орон нутгийн 13:00 цагт (Улаанбаатарын цагаар 20.00 цагт) эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ