Ерөнхийлөгч Индонез Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр  Бүгд Найрамдах Индонез Улсын Элчин сайд ноён Имрон Котаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг, Азийн газрын дэд захирал В.Оюу, айлын талаас Индонез Улсын Элчин сайдын яамны зөвлөх Чандра Гандасубрата нар оролцов. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удахгүй хэрэгжих Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалд өндөр ач холбогдол өгч буйгаа онцолж, Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улс ардчиллын үнэт зүйлсийг дээдэлдэг улс орнуудын хувьд бүс нутагт ардчиллыг бэхжүүлэх нэгдмэл зорилтыг хэрэгжүүлэх, АОХН-ийн хүрээнд хамтран ажиллах болон хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд айлчлал чухал хувь нэмэр болно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Монгол Улс Индонез Улстай 1956 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү айлчлал нь Индонезийн төрийн тэргүүн нараас Монгол Улсад хийж буй хоёр дахь айлчлал болох юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ