
Өнөөдөр Лондоны олимпийн эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн төрөлд медалийн төлөөх тоглолт болох юм. Хүрэл медалийн төлөө Их Британи, Шинэ Зеландын багууд өрсөлдөх бол олимпийн аварга хэмээх эрхэм алдрын төлөө Нидерланд болон Аргентины зүлэгний хоккейн шигшээ бүсгүйчүүд өрсөлдөх болно.
Эмэгтэйчүүдийн зүлэгний хоккейн төрөлд 12 улсын тамирчид 2 хэсэгт хуваагдан оролцож ийнхүү дээрх 4 улсын бүсгүйчүүд шалгаран үлдээд байгаа юм. Дашрамд дурдахад эрэгтэйчүүдийн зүлэгний хоккейн аваргын төлөө мөн Нидерландын шигшээ баг үлдээд байна.
Энэ спорт нь манай оронд хөгжөөгүй хэдий ч олон улс оронд өсвөр үе, насанд хүрэгчдийн багийн тэмцээнүүд зохиогдож олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг.
Мөн дөрвөн жилд нэг удаа зохиогддог Зүлэгний хоккейн дэлхийн цом, жил бүр явагдах Аваргуудын цом, өсвөрийн дэлхийн цом зэрэг нь энэ спортын нэр хүндтэй томоохон тэмцээнд тооцогдоно.
Хоккейн модон цохиур ашиглан бөмбөгийг, татах, туух, цохих замаар өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж тоглодог. Албан ёсоор хоккей хэмээн нэрлэдэг ч мөсний болон гудамжны хоккейгоос ялгахын тулд зүлэгний хэмээн тодотгол дагуулж хэвшжээ.
Хичээллэгчдийн тоогоор гадаа талбайд тоглодог багийн спортын дунд хөлбөмбөгийн дараа орно гэж үздэг ч мэргэжлийн тамирчин цөөхөн.
Мөн АНУ зэрэг зарим оронд зөвхөн эмэгтэйчүүд тоглодог байна.
Өвөл гадаа тоглох боломжгүй орнуудад заал танхимд тоглох нь бий.
Энэ тохиолдолд танхимын зүлэгний хоккей гэгдэх бөгөөд дүрмийн хувьд хэд хэдэн зүйлээр ялгаатай байдаг.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ