Э.Ганболор: Сүндэрээ ганцаараа биш болсон, гэхдээ хурим товлоогүй

img

АНУ-аас ирсэн даруйдаа шинэ цомог, тоглолтоор фэнүүдээ “бөмбөгдөж” байсан “Sweetymotion” хамтлагийнхан сүүлийн үед нам гүмхэн байгаа. Тус хамтлагийн продюссер Б.Чинбат, дуучин Ц.Сарнай нар Мишээл гэх хөөрхөн охинтой болсноос гадна хотоос зайдуу амьдарч эхэлсэн юм билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболороос цөөн асуултад хариулт авснаа хүргэе. -Уран бүтээл нь өндөр үү, сүүлийн үеийн сонин сайхан юутай байна вэ? -Сайн байгаа шүү. Бид хэд яг одоо Баянхонгор аймаг руу явж байна. Сүүлийн үед шинэ прожект, шинэ дуунууд дээрээ ажиллаад л явна. Тиймээс уран бүтээлийнхээ ажлаар хөдөө орон нутгийг зорьж байгаа минь энэ. -Шинэ уран бүтээлийн ажил хэр зэрэг урагштай явж байгаа бол? -Дажгүй ээ, шинэ уран бүтээлүүдээ бэлдэж эхэлсэн. Харин сонгуулийн үеэр уран бүтээлийн ажил маань жаахан хойшлогдсон. Төрөө гээд шинэ продюссер залуу, Америкаас ирсэн реппер Rokit Bay болон “The Lemons”хамтлагийнхантай бид хамтарч  шинэ уран бүтээл хийж байгаа. -Тэгвэл та нарыг гадаадад амрахаар явсан гэдэг нь ташаа мэдээлэл байжээ? -Үгүй ээ, үгүй. Чинбаа, Сүндэрээ хоёр маань уран бүтээлийн ажлаар нэг хэсэг Америкт байж байгаад ирсэн. Одоо бид нар хамтлагийнхаа 15 жилийн ойн баярт бэлтгэж, уран бүтээл дээрээ шаргуу ажиллаж байгаа. -“Номин талст” хамтлагийнхантай хамтарч дуулах гэж байгаа гэл үү? -Тийм ээ, тус хамтлагийн 15 жилийн ой ч бас энэ жил тохиож байгаа шүү дээ. “Номин талст” хамтлагийн тоглолт ирэх сарын 29, 30-нд болох юм билээ. Бидний хувьд, ойн баярт нь зориулсан нэгэн шинэ дууг хамтарч дуулахаар болсон. -Тэгвэл “Sweetymotion” хамтлагийн ойн баяр ямархуу болох бол? -Ирэх аравдугаар сарын дундуур томоохон хэмжээний тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Тоглолтынхоо өмнө шинэ цомог ч гаргаж магадгүй. Үүнээс гадна зөндөө олон сюрприз байгаа шүү. -Тэр сюрпризийн нэг нь Сүндэрмаагийн хурим болж таарах нь ээ? -Үгүй ээ, тийм зүйл төлөвлөөгүй байх. Бид нарт лав мэдсэн юм алга. -Хамтлагийн ойтой зэрэгцээд түүний хурим болно гэсэн яриа гадуур тархсан шүү дээ? -Сүндэрээ маань одоо ганцаараа биш болсон. Гэхдээ ойрын хугацаанд хурим хийхээр товлосон гэж бодохгүй байна. Хэрэв хуримлахаар шийдсэн бол хамгийн түрүүнд бидэнд дуулгана шүү дээ. -Хамтлагийн тань бяцхан “гишүүн” том болж байна уу. Сүндэрээ та хоёр ч бас туршлага судлаад хэрэндээ л асрах гэж зүтгэдэг байх? -Бид хоёр ер нь гайгүй бэлтгэгдэж байгаа гэж бодож байна. Гэхдээ манай Сарнай яг өөрөө хүүхдээ өсгөнө гэж “гүрийгээд” баргийн хүнээр охиноо харуулахгүй байгаа шүү дээ./инээв/ -Сүндэрмаагийн хуримнаас гадна таныг ч бас удахгүй гэр бүлийн амьдрал зохионо гэлцэх болсон? -Харин тэгж ярьж, бичээд л байна лээ. “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. -Та нар фитнесст явж байгаа юу. Яаж ийм гоолиг хэвээрээ байдаг юм бол гэж фэнүүд чинь сонирхох нь бишгүй? -Тийм ээ, бид гурав “Golden Gem” клубт хичээллэж байгаа. Монголд ирсэн чинь хөдөлгөөн багасаад, саяхнаас фитнесст эрчимтэй явж эхэлсэн дээ. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ