“Родиа” брэндийн бичгийн хэрэгсэлийг ашиглан 64 ширхэг загвар бүтээжээ

img

Урлах эрдэм дээд сургуулийн дизайнерууд Францын нэрт “Родиа” брэндийн бичгийн хэрэглэлүүдийг ашиглан хувцас хийснээ өчигдөр олонд дэлгэн танилцууллаа. Энэхүү танилцуулах шоунд нийт 64 төрлийн загвар дэлгэгдсэн юм. Энэ үеэр тус сургуулийн багш, дизайнер Д.Отгонжаргал, мөн загвар өмсөгч Б.Сайнаатай цөөн хором ярилцсан юм. -Бичиг хэрэгсэл ашиглан хувцас хийх санаа анх яаж төрөв? Манай сургуульд сарын өмнө Францаас санал ирсэн. Түүний дагуу бид саналыг хүлээн аваад сургуулийнхаа багш нарыг 8 хэсэгт хуваагаад загвар хийхээр болсон. Нэг хэсэг найман төрлийн загвар, тэр дундаа орчин үеийн авангард загвар гаргаж ирэхийг зорьсон. Дизайнерүүд болгон өөр өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлсэн. -Хувцасны өнгөний сонголт их сонин байна л даа. Энэ талаар тодруулбал? Францын нэрт “Родиа” брэндийн бичиг хэрэгслүүдийн өнгө буюу форм нь улбар шар, хар өнгөтэй байдаг. Бидэнд ирсэн санал дээр ч мөн үүнийг тусгаж өгсөн бөгөөд зөвхөн бренд болсон өнгийг ашиглах шаардлагатай байсан. Тэр ч утгаараа ер нь авангард загвар бүтээхэд бидэнд амар байсан. -Мэдээж цаас, харандаа, бал зэргийг ашигласан болохоор нилээд хугацаа шаардсан байх? Үндсэндээ найман ширхэг загвар байгаа. Тэр болгон дээр ямар байвал дэгжин бас секси байх вэ гэдэг дээр нилээд ажилласан. Загварынхаа санааг маш олон зүйл дээрээс олж харсан. Харандаа, цаас, тэмдэглэлийн дэвтрийн хавтас зэргийг ашиглан бүтээсэн. Миний загварууд ерөнхийдөө секси өнгө төрхийг илүү харуулж байгаа. Загвар өмсөгч Б.Сайнаа

-Загвар өмсөгч болоод хэдэн жил болж байна. Энэ шоуны онцлог нь юу байв? Би “Эра” төвийн загвар өмсөгч л дөө. Загвар өмсөгч болоод хоёр жил гаран болж байна. Мэдээж урьд өмнө нилээн олон шоунд орж байсан. Гэхдээ энэ удаагийн шоу дэвтэр, харандаа, бал зэргийг ашиглан хувцас хийснээрээ нилээд онцлог болж байна. -Энэ хувцасыг өмсөхөд хэр хүндрэлтэй байна? Өмсөхөд эвтэйхэн, хүндрэл бараг байхгүй. Хүмүүс яахав нөгөө цаас, харандаа ашиглаад хийсэн болохоор урагдана, нухна гэж боддог байх л даа. Энд тийм зүйл байхгүй. Манай дизайнерүүд үнэхээр өөрсдийнхөө хүч хөдөлмөрийг шавхан байж, мөн загвар өмсөгч нартаа өмсөхөд, алхахад эвтэйхэн байх талаас нь их анхаарсан.

Ц.Одгэрэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ