“Уяхан замбуу тивийн наран” ЮНЕСКО-гийн Төв байранд эгшиглэлээ

img

Нэгдсэн Үндэстний Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулган 10 дугаар сарын 25-ны өдөр үйл ажиллагаагаа эхэлж ЮНЕСКО-гийн 193 гишүүн орны төлөөлөгчид болон гишүүн бус орон, засгийн газар хоорондын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөгчид ажиглагчаар оролцож байна. Чуулганаар ЮНЕСКО-гийн 2012-2013 оны хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд энэ хугацаанд хэрэгжүүлэх ЮНЕСКО-гийн зорилт хөтөлбөр нь тогтвортой хөгжлийг нэн тэргүүний зорилго болгон хүчирхийллээс ангид, энх тайванаар орших соёлыг түгээх, түүний дотор жендерийн эрх тэгш байдал, хүүхэд-залуучууд, Бүх нийтийн боловсрол, буурай хөгжилтэй орнууд болон нийгмийн эмзэг бүлэгт гол анхаарлаа хандуулахаар төлөвлөж байна. Мөн байгууллагын 2014-2019 оны дунд хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөөний зорилтыг хэлэлцэнэ. Ерөнхий бага хурлын ээлжит чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан болон  албаны бусад төлөөлөгчид оролцож байна. Чуулганы  үеэр Монголын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковатай ажлын уулзалт хийж цаашдын хамтын ажиллагааны талаар, тухайлбал Монгол Улсын  cоёлын болон байгалийн өвийг бүртгүүлэх, хамгаалах; боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг орчин үеийн дэлхийн  хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх; ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын Монгол Улсад өнгөрсөн 7 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалын үеэр үзэглэсэн Харилцан ойлголцлын санамж бичигт тусгагдсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Чуулганы нээлтийн арга хэмжээний хүрээнд Монголын урлагийн тоглолт болж ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд бүртгэгдсэн морин хуур, хөөмэйн аялгуун дор “Уяхан замбуу тивийн наран” дуу ЮНЕСКО-гийн Төв байранд эгшиглэлээ. Түүхэнд анх удаа ЮНЕСКО-гийн Төв байранд тоглосон Монголын урлагийн тоглолтыг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит 36 дугаар чуулганд оролцохоор уригдан ирсэн гадаадын зочид, өндөр, дээд албан тушаалтнууд, элч, төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Манай уран бүтээлчдийн тоглолт бүр халуун алга ташилтыг дагуулж байсан бөгөөд ДБЭТ-ын  дуучин МУГЖ  Д. Амартүвшин, дуучин С.Наран, ҮДБЭЧ-ын нугараач Н.Цэгцэглэн, морин хуурч Жигжиддорж нарын тоглолт үзэгчдийн сэтгэлийг бүр их догдлууллаа. Энэхүү тоглолт нь  Монгол Улсаас ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлсэн хөөмий, бий биелгээ, морин хуурыг өөрийн үндэстний соёлын өв болохыг олон орны төлөөлөгчдөд дахин нотлон харуулж чадлаа гэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр тоглолтыг дүгнэн хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ