Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хүрэл медалийн эзэд өнөөдөр тодорно
Олимпийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд АНУ-ын баг алтан медаль хүртэж, Япон, Канадын бүсгүйчүүд удаалсан билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хүрэл медалийн төлөөх тоглолт болно.
Бразилын багт 3:0-ээр ялагдсан БНСУ-ын шигшээ, Мексикийн багт 3:1-дүүлж хожигдсон Японы шигшээтэй хүрлийн төлөө тоглоно.
Шөвгийн наймд шигшээ багууд шалгаран үлдэхэд Европын багуудаас цор ганц төлөөлөл болон үлдсэн Их Британийн шигшээг Солонгосчууд торгуулийн цохилтын дүнгээр ялж хагас финалд үлдсэн билээ.
Харин Японы хувьд Египетийн шигшээг 3:0-ээр буулган авснаар хагас шигшээд үлдсэн ч Мексикст ялагдан ийнхүү хүрлийн төлөө тоглох болоод байна.
Сонирхуулахад энэ удаагийн олимпийн хөлбөмбөгт хагас шигшээд Ази, Америк тивийн төлөөлөл л үлдсэн юм.
Алтан медалийн төлөөх тоглолт 11-нд Бразил, Мексикийн шигшээгийн хооронд болно.

Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ