
Өнгөрсөн сард гарсан аймшигтай хүн амины хэргээр буруутгагдаад буй Жеймс Холмсын шүүх хурал өчигдөр үргэлжилсэн байна. Холмсын өмгөөлөгч түүнийг сэтгэцийн хувьд эрүүл биш гэжээ.
Хэрэгт холбогдолтой бүх мэдээллийг судлахаар шүүгч хорь гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авсан байна. Яллагч болон өмгөөлөгч талууд аль аль нь ийм мэдээллийг цацах нь хэрэгт аюул учруулж магадгүй хэмээн үзэж байгаа юм. “Яллагчийн үүрэг бол хэргийг үнэн зөвөөр шийдэхэд байдаг. Хэрэг болсноос хойш гурван долоо хоногийг ч ардаа орхиогүй байна. Хуулийн байгууллагынхан гэрчүүд болон хохирогчдоос ярилцлага, мэдүүлэг аван шургуу ажиллаж байгаа. Энэ хэрэг бол энгийн хэрэг биш” хэмээн прокурор Жекоб Эдсон хэлсэн байна.
“Шүүх процессийн талаар олон нийт ямар ч мэдээлэлгүй байгаа” гэдгийг хэд хэдэн хэвлэлийн байгууллагын төлөөлөгч Стивен Зансберг шүүгчид хэлсэн байна. Шүүх ажиллагааг хаалттай байлгах шийдвэр гаргасан шүүгч Силвестер ирэх долоо хоногийг хүртэл шийдвэрээ өөрчлөх эсэхээ шийдэхгүй гэнэ.
Хэрэгтэн Холмс энэ удаа өмнөх шүүх хурлуудын адилаар алмайрсан, хагас ухаантай байдалтай байсан гэдгийг Associated Press агентлаг мэдээлсэн байна.
Шүүх хурлын үеэр нэгэн хачирхалтай явдал болсон нь шүүх танхимын хойгуур суудалд сууж байсан нэгэн эмэгтэй босон зогсч, шүүгч эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа нотолгоо байгаа гэж хэлжээ.
“Би Жеймс Холмсыг өмгөөлөхөд чухал хэрэгцээтэй мэдээлэл өгөх гэж оролдсон боловч өмгөөлөгч тал Холмстой тэр талаар ярихыг хүсээгүй. Хохирогчдын ар гэрийнхэн энэ мэдээллийг авах нь шударга хэрэг” хэмээн улаан даашинзтай, халзан толгойтой эмэгтэй хоолой чичрэн хэлжээ. Түүнийг шүүх танхимаас гаргасан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ