Төмөрлөгийн үйлдвэр барих судалгаа, шинжилгээ үйлдвэрлэгчдэд нээлттэй боллоо
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбат, Ажил олгогч эздийн холбооны дарга Х.Ганбаатар нар өнөөдөр Төрийн ордны “Г” танхимд Дархан-Уул аймагт төмөрлөгийн үйлдвэр байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэдний хэлэхээр ”Монгол Улсад өнгөрсөн хугацаанд олон үйлдвэр барих, эдийн засгийг хөгжүүлэх нийгмийн томоохон хөтөлбөрүүдийн судалгаа, шинжилгээ зэрэг олон ажил бий. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд ч судалгаа, дүгнэлт байна. Энэхүү судалгаа шинжилгээний материалыг ард иргэд ялангуяа үйлдвэр эрхлэгчид, бизнес хийхийг хүсч буй үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдад өнөөдрөөс ирэх есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нээлттэй үзэх боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл, иргэд нэг сарын хугацаанд эдгээр материалтай танилцаж хөрөнгө оруулж үйлдвэр барих сонирхолтой хүмүүс бидэндтэй холбогдоно уу” гэсэн хүсэлтийг уламжиллаа.
Тиймээс төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой үйлдвэрлэгчид Дархан-Уул аймгийн Засаг захиргаанд хүсэлтээ гаргаж болох юм байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хүнд үйлдвэр хөгжсөний дараа нь жижиг дунд үйлдвэр хөгждөг. Хүнд үйлдвэр дотроо төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байж жижиг дунд үйлдвэр хөгжинө. Хар төмөрлөгийн үйлдвэрийг ажиллагаанд оруулахдаа хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг шалгаруулж тогтооно. Үүнийг тус аймгийн Засаг дарга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Ажил олгогч эздийн холбоо, Монголын ард иргэд дарханчуудтай хамтран шийднэ.

Төмөрлөгийн үйлдвэр барьснаар ямар ашигтай юм бэ, хэдэн ажлын байр бий болох вэ, бүтээгдэхүүн нь дэлхийн зээлд худалдагдах уу, олон жижиг дунд үйлдвэрийг бий болгох уу гэсэн зүйлүүд тодорхой үндэслэлүүдэд тулгуурлаж гэрээг хийнэ. Мөн УИХ, Засгийн газар ч хүнд үйлдвэрт хариуцлага үүрэх ёстой. Хүнд үйлдвэрийг татвараас хөнгөлдөггүй. Тиймээс бид эрх зүйн орчиныг сайжруулах ёстой” гэсэн байр сууриа илэрхийлж хуулийн орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Түүнчлэн олон жил бид үйлдвэр барина гэж цаас үйлдвэрлэж ирсэн. Өөрөөр хэлбэл үйлдвэр барих тухай судалгаа шинжилгээ бүгд нэг сайдын юм уу албан тушаалтны шүүгээнд байсан бол өнөөдрөөс иргэдэд тэр дундаа үйлдвэрлэчдэд нээлттэй болж буйг онцоллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ