
Монгол Улсын хэмжээнд өдгөө 100 гаруй жолооны курс үйл ажиллагаагаа явуулж буй талаар албаны эх сурвалж хэлсэн. Гэвч олон янзын нэртэй эдгээр курс төгсөгчиддөө жолооны үнэмлэхийг нь өгч чадахгүй нэлээд хэдэн сарын нүүр үзэж байгаа нь нууц биш. Улсын хэмжээнд 28 мянган хүний жолооны үнэмлэх хэвлэгдээгүй байгаа энэ асуудал эцэстээ бүр хардлага төрүүлээд эхэлж.
“Үнэмлэх хэвлэх материалын нөөц дууссан” гэх иргэдээс гадна олонд танигдсан хэд хэдэн газрыг нэр нүүрээ ашиглан, жолооны үнэмлэхээ хэвлүүлж байгаа гэх хүмүүс ч цөөнгүй байна. Харин зарим курсын төгсөгч “Тавдугаар сард төгссөн ч үнэмлэхээ авч чадаагүй байж байна. Гэтэл зургадугаар сард төгсөгчдийн үнэмлэх хэвлэгдээд гарчихаж.
Энэ ямар учиртай юм бэ” гэж гомдол мэдүүлж эхэлсэн бол, сургалтын менежерүүд нь энэ бүхнийг Замын цагдаагийн газрын үйл ажиллагааны доголдолтой холбон тайлбарлажээ. Ийн олны анхаарлыг татаж байгаа жолооны үнэмлэх хэдэн сараар “сураггүй” алга болсон учрыг холбогдох албаных нь хүмүүс “Үнэмлэх хэвлэдэг MDI компани техник, хэрэгслээ шинэчилж байгаа учраас бид өмнөх машинаараа цөөн тоогоор хэвлэж байгаа. Энэ асуудал ирэх сараас шийдэгдэнэ. Яаравчилсан хүмүүс сурч буй жолооны курстээ хүсэлт гарган, түр үнэмлэх авч болно” гэж тайлбарласан байна.
Р.Есүй
СЭТГЭГДЭЛ БИЧИХ