Аймшигт Бэйний дүрийг хэн бүтээсэн бэ
Уорнер Брос, найруулагч Кристофер Нолан нарын бүтээл “Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт ” кино нээлтээ хийснээс хойш гурав дахь долоо хоногтоо ашиг орлогоороо бокс оффисуудыг тэргүүлсээр байна.
Бэтмений аль ч ангид сөрөг дүр нь ямар баатар байх, хэн гэдэг жүжигчин дүрийг нь амилуулах вэ гэдэг нь олны анхаарлыг ихэд татаж байдаг.
Тэгвэл “Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт” киноны сөрөг дүр болох террорист, алуурчин Бэйний дүрд Их Британийн жүжигчин Том Харди тогложээ.
Том Харди нь 2010 онд найруулагч Ноланы “Оршил” /The Inception/ кинонд тоглож түүний итгэлийг хүлээсэн өсөх ирээдүйтэй гэгддэг жүжигчин юм.
Мөн түүний олны танил дүрээс дурдвал “Энэ бол дайн” хэмээх романтик, инээдмийн киноны тагнуулчийн дүрийг нэрлэж болох.
“Харанхуйн хүлэг баатар, Сэргэлт” кинонд Том Харди 90 кг буюу даруй 14 кг жин нэмж Бэйний дүрийг бүтээсэн байна.
Тэрбээр энэ кинонд Оскарын шагналт жүжигчин Кристиан Бэйл, Морган Фриман, Майкл Кэйн, Гэри Олдмен, Энн Хэтуэй, Марион Котильярд, Жозеф Гордон Льюитт нарын алдартнуудтай хамтран тогложээ.
Нийтдээ 250 сая долларын өртгөөр бүтээгдсэн тус кино одоогоор 745 сая долларын орлого кино театруудаас олоод байна.
Найруулагч Кристофер Нолан нь ийнхүү Бэтмений гурамсан зохиолыг дэлгэцийн гайхалтай бүтээл болгоод буй нь энэ юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ