“U-Pera”хамтлаг: Попера урсгалыг хөгжүүлж, ямар ч төрлөөр уран бүтээлээ хийж чадна

img

ДБЭТ-ын дэргэдэх “U-Pera” хамтлагийнхантай уулзаж ярилцлаа. Тус хамтлагийн ахлагч Б.Гантөмөр, гишүүд буюу А.Анар-Эрдэнэ, Б.Энхсайхан нар уран бүтээлийн сонин сайхнаа хуваалцсан юм. Г.Энхболд нь тодорхой шалтгааны улмаас ирж амжаагүй гэдгийг дуулгая. -Танай хамтлагийн гишүүд бүгд дуурийн дуучид уу, ДБЭТ-т хэдийд орсон бол? Б.Г: -Тийм ээ, бүгд мэргэжлийн дуучид. Жилийн өмнө бид хамтлаг байгуулах талаар ярилцсан юм. Түүнээс хойш поп опера чиглэлээр уран бүтээлээ хийгээд явж байна даа. Анар-Эрдэнэ бид хоёр 2009 онд ДБЭТ-т орсон. Б.Э: -Би СУИС-д сурч байхдаа хажуугаар нь ДБЭТ-т ажилладаг байсан. 2005 оноос өнөөг хүртэл театртаа ажиллаж байна. Манай хамтлагийн гишүүн Энхболд гэж залуу бий. Энэ жил сургуулиа төгссөн, ирэх намраас ДБЭТ-ын гоцлол дуучнаар ажиллах гэж байгаа баяртай мэдээг бидэнд дуулгалаа. -Театрт ороод л уран бүтээлээр холбогдов уу, аль эсвэл эртнээс бие биеэ мэддэг байв уу? Б.Г: -Анар-Эрдэнэ бид хоёр нэг ангийнх. ДБЭТ-т ороод Энхсайхантай хамт хамтлаг байгуулах тухай ярилцаж байгаад дөрөв дэх гишүүнээ сонгосон юм. -ДБЭТ-аас “Нюанс”, “Классик Жем” зэрэг олон хамтлаг төрсөн. Танайх отгон хамтлагт тооцогдох уу? -Тооцогдоно оо. Нэрний хувьд гэвэл, универсаль опера гэсэн хоёр өнгөний нийлэмжийг бид нар хоорондоо ярилцаж байгаад “U-Pera” гэж сонгосон. -Сүүлийн үед олон улсын наадамд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг гаргаж буй дуучид цөөнгүй. Та нарт ч гэсэн, энэ талаар зорьж төлөвлөсөн зүйл байгаа байх? -Одоогоор бид хамтлагийнхаа урын санг баяжуулж, уран бүтээлээ хийгээд явж байна. Хажуугаар нь дуурийн театртаа олон сайхан дүр бүтээж, мэдлэг туршлага хуримтлуулж байгаа. Мэдээж хэрэг, залуу хүмүүс учраас бидэнд уран бүтээлээ олонд хүргэхээс гадна тэмцээн уралдаанд амжилт гаргах талаар төлөвлөсөн зүйл байлгүй яахав. Тэр бүхний төлөө хичээж ажиллана гэж боддог. А.А: -Энхболд маань сая Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Бандийн нэрэмжит улсын анхдугаар уралдаанд амжилттай оролцож, Д.Банди багшийн нэрэмжит шагнал хүртсэн. Бидэнд мэргэжлийнхээ уралдаан тэмцээнд оролцъё гэсэн бодол маш их байдаг. -Байгуулагдсан цагаас хойш урын сандаа хэчнээн дуутай болсон бэ? -Арав гаруй дуу бий. “Би Монгол хүн”, “Эх орон”, “Чи миний” зэрэг дуунууд FM, радиогоор их явж байна. “Чи миний” дууны клип маань саяхан телевизийн хөгжмийн нэвтрүүлгээр үзэгчдийн хүртээл болсон. -Хоолойны хувьд, өөрсдийгөө тодорхойлооч? -Эрэгтэй хүний дөрвөн хоолойг гаргадаг. Басс, баритон, нэгдүгээр тенор, хоёрдугаар тенор гэсэн яг үндсэн дөрвөн хоолой бий. -Поп чиглэлээр дуулдаг уран бүтээлчдийн хувьд, дуурийн дуучид нэлээд дээгүүр байр эзлэх нь тодорхой. Уран бүтээлийн тодорхой бодлого баримталж байна уу? -Попера чиглэл манай сонгодог дуучдад их боломжтой. Поп хөгжмийг опертой хольсон энэ урсгалаар дэлхийд танигдсан сайн хамтлагууд бий. Манай театраас л гэхэд “Нюанс” хамтлаг попера урсгалыг монголчууддаа таниулж, уран бүтээл хийгээд явж байна. Тиймээс попера урсгал хүмүүсийн рок поп гэж яриад байгаа шиг түгээмэл байна. Бидний нэг зорилго бол, энэ урсгалыг залуустаа мэдрүүлэх. Б.Э: -Монголын хөгжмийн зохиолчдын дууг поп опера стильд оруулах маягаар  үндэснийхээ чиглэлийг голлон баримталж байгаа. Цаашид бид нар олон сайхан уран бүтээлийг сонсогч түмэндээ хүргэх болно оо. -Цомог, тоглолтын тухайд асуулгүй өнгөрч болохгүй нь? Б.Г: -Тэгэлгүй яахав. Уран бүтээлээ чанартай хийж, тодорхой хэмжээнд хүргэсний дараа анхны цомгоо гаргана даа. Ойрын хугацаанд гаргах бодолтой байна. А.А: -Цомогт багтах дууны 70-80 хувь нь бэлэн болчихсон байгаа. -Дүрсжүүлсэн нь хэр их вэ? Б.Э: -Манай театрын ерөнхий хоормейстр Дашбямба гэдэг хөгжмийн зохиолч бий. Бидний хамгийн анхны уран бүтээл буюу багшийн маань зохиосон “Чи миний” дуу клиптэй болсон. Наадмын өмнө театр маань уран бүтээлийн шахуу хөтөлбөртэй, тоглолтоор дүүрэн байлаа. Одоо театрынхан маань амарч байгаа учраас энэ хугацаанд хамтлагийнхаа урын санг баяжуулах гээд нэлээд завгүй гүйж байна даа. -Уран бүтээл хийхэд санхүүгийн асуудал нэлээд хөшүүрэг болж өгдөг. Та бүхний хувьд, үүнийг хэрхэн шийддэг бол? Б.Э: -Ерөнхийдөө, өөрсдөө л зохицуулж байна. Ивээн тэтгэгч байгууллага, энэ тэр гэж одоогоор холбогдсон юм алга. Уран бүтээлээ өөрсдийнхөө хэмжээнд санхүүжүүлж, хөдөлмөрлөөд явж байна даа. -Тодорхой хэмжээнд олонд танигдсан хамтлагууд томоохон компанийн ивээлд багтмагцаа сурталчилгааны хэв маягтай болчихдог. “Классик Жем”, “Эрэл Хурд” гээд л өөрчлөгдсөн шүү дээ. Ийм тохиолдолд та нар хэрхэх вэ? Б.Э: -Анх гарч ирсэн чиглэлээ бариад уран бүтээлээ хийнэ. Энэ байдлыг маань дэмжээд хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс байвал татгалзахгүй. -Попера чиглэл баримталж буй хэдий ч өөр стиль, жанраар дуулна биз дээ? -Тэгэлгүй яахав. Бид нар dance чиглэлээр ч гэсэн дуулж байгаа. Энэ ч утгаараа, хамтлагийнхаа нэрийг сонгосон шүү дээ. “U-Pera” гэдэг чинь бүх төрөлд, ямар ч хэв маягт орж чадах боломжтой гэсэн үг. Поп опера, транс опера, хип хопыг хольсон хип хопера, техно опера гэх мэт олон урсгалыг гаргаж ирж байна л даа, хүмүүс. Тэр бүх урсгал чиглэлийг барьж, ямар ч төрлөөр уран бүтээлээ хийж чадна. Анхнаасаа хоёр гурван стилиэр дуулаад үзчихсэн болохоор тэр. Шинэлэг юм хийж байж л бусдаас ялгарна шүү дээ. -Дууриас төрсөн эрэгтэй хамтлагууд стиль имижээр ойролцоо юм шиг санагддаг? Б.Э: -Янз бүрийн арга хэмжээнд очихдоо хөнгөн ритмтэй дуу дуулах нь элбэг. Тэр үед чөлөөт стилиэр хувцаслахыг хичээдэг л дээ. Энэ маягаар тухайн орчин, уран бүтээлийн онцлогтоо тааруулж стиль имижээ бүрдүүлэх талаар ярилцдаг юм. -Урилга, заллага их ирнэ биз? -Ирэлгүй яахав. Манайхан халтуур хийнэ гэж яриад байдаг нь буруу л даа. Үгийн утга нь халтуурдах шүү дээ. Тиймээс бид уран бүтээлээ халтуурдахгүй. Үзэгч сонсогчдодоо яаж уран бүтээлээ хүргэх, тэднийг хүндэлж хэрхэн стиль имижээ бүрдүүлэх тал дээр маш их анхаарна. Аль болох өөрсдийгөө дайчилж, чанартай сайн уран бүтээлээр ард түмнээ сэтгэл хангалуун байлгахыг хичээдэг гэсэн үг л дээ. -Та нар Дуурийн театрын хөгжлийг хөтлөх нэгэн үе. Цаашдын ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ? Б.Г: -Тийм ээ, театрын маань нэгэн үе гараад ирж. 2008-2012 оныг хүртэл шижигнэсэн сайхан залуус орж ирсэн. Бараг 60-70 хувь нь залуу уран бүтээлчид байна шүү дээ. Эхнээсээ дэлхийн томоохон уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байна. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин маань өнгөрсөн хавар дэлхийн алдарт тенор Плачидо Домингогийн “Operallo” олон улсын наадмын тэргүүн байрт шалгарлаа. Дэлхийн дуурийн дуучин болгон энэ наадамд оролцохыг хүсдэг. Тэгвэл манай дуучин түрүүлсэн нь хамгийн том бахархал. Дуурийн дуучин гэдэг утгаараа, бид иймэрхүү тэмцээн уралдаанд өөрсдийн чадварыг сорих бодолтой яваа. -Б.Э: -Ирэх арваннэгдүгээр сард Зууны манлай дуурийн дуучин Д.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаан болох гэж байгаа. Энэ уралдаанд оролцох бэлтгэлээ эртнээс базааж эхэлсэн дээ. -Олон улсын уралдаанд оролцох мэдүүлгийг уран бүтээлчид хувиасаа явуулдаг уу, аль эсвэл Дуурийн театраас сонгож оролцуулах уу? -Өөрсдөө  явуулдаг юм. Мэдээж, манай театрт уралдаан тэмцээний удирдамж ирнэ л дээ. Дуучид янз бүрийн уралдаан тэмцээний талаар судалж, сонгосон тэмцээндээ өөрийнхөө дуулж буй бичлэг, танилцуулгыг илгээдэг. Тэгээд эхний сонгон шалгаруулалтад нь тэнцвэл хоёрдугаар шатанд уг тэмцээн зохион байгуулагдаж буй газарт очиж дуулах маягаар оролцоно доо. Ер нь, дэлхийн томоохон тэмцээний эхний шатанд дүрс бичлэгээ илгээх маягаар оролцдог. А.А: -Бидний хувьд, одоогоор гадаадын тэмцээн уралдаанд оролцсон юм алга. Цаашид оролцох бодол байгаа. -Театр, хамтлагийн уран бүтээлээс гадна сонирхдог, эрхэлж буй ажил байгаа болов уу, та нарт? Б.Г: -Тиймэрхүү юм байхгүй ээ. Театрын ажил, хамтлагийнхаа уран бүтээлд анхаарал хандуулж явна. -Дуучин хүн болсны зовлон, жаргал ямар байдаг юм бол оо? -Жаргал нь их байдаг шүү дээ. Хүмүүсийн талархал, алга ташилт, урмын үгс, сайхан энергийг мэдрэх гээд л. Монголчуудын сайн мэдэх “Би Монгол хүн” дууг бид нар өөрсдийнхөө стильд оруулж дуулсан. Сонссон хүн бүр маш сайхнаар хүлээж авч байгаа шүү. -Уран бүтээлийг үнэлэх үнэлэмж ямархуу хэмжээнд байна гэж боддог вэ. Энэ тал дээр уран бүтээлчид маань сэтгэл дундуур явдаг нь нууц биш? -Шинэ залуу, хамтлаг гэдэг утгаараа бид нарт их мэдрэгдэж байна л даа. Өөрсдийнхөө бор зүрхээр явж, чадах бүхнээ хийж байгаа болохоор нэлээд хэцүү. А.А.: -Яг нийтэд нь авч үзвэл, өнөөгийн урлагийн үнэлэмж тааруу санагддаг. Зуун хувь сайн гэж хэлэхгүй. Үнэлэгдэх ёстой хүмүүс нь үнэлэгдэж чадсан. Дуурийн театрт ажиллаж байгаа учраас би сонгодог урлаг талаас нь илүү ярья л даа. Сонгодог урлаг 1990-ээд оны үед уналтад орсон ч гэлээ, одоо эргээд сэргэж байна. Сайн, сайн дуучид гарч ирлээ. Үзэгчид маань ч сонгодог урлагт дуртай болсон. Зөвхөн дуурь гэлтгүй, балетыг их үздэг болсон учраас тэрийгээ дагаад үнэлэмж нь дээшилсэн. Харин бид нарын авдаг цалин гадаадын дуучидтай харьцуулшгүй. Нэг сарын цалин маань бараг гадаадын уран бүтээлчдийн долоо хоногийн хоолны мөнгө л байхгүй юу. Уг нь манайх чинь Азидаа долоо хоног болгон дуурь тоглодог ганцхан театр. Төр засгаас манай театрын уран бүтээлчдэд  анхаарал хандуулж чадвал дэлхийд нэрээ гаргах чадвартай гэдгээ эхнээсээ харуулаад байна шүү дээ. Мөнгөнцэцэг, Сайнбаяр, Энхтайван, Анхбаяр зэрэг олон дуучин гадаадын уралдаан тэмцээнд амжилт гаргасан. -Чадварлаг дуучид, балетын жүжигчид маань хүртэл ийм асуудлаас болж гадаадад ажиллахыг эрхэмлэх болж. Тэгвэл та бүхэнд ийм боломж гарвал? -Хамтлагийн маань гишүүдэд иймэрхүү санал ирдэг. Саяхан л гэхэд Буриадын театрт ажилах урилга ирсэн. Гэсэн ч, хамтлагаа сонгож үлдсэн. Яагаад гэвэл, бид өөрсдийн гэсэн нэгэн зорилготой. Тэр зорилгодоо хүрэхийн төлөө ажиллаж байгаа учраас өөр сонголт байхгүй. -Дуурийн дуучид нийтийн дуу дуулахад амархан байх. Энэ чиглэлээр сурч байгаад замын дундаас буцсан хүмүүсийг хараад ингэж хэллээ л дээ? -Үнэхээр жинхэнэ дуурийн дуучин болно гэдэг маш хэцүү. Түүний төлөө хичээл зүтгэл гаргаж, хөдөлмөрлөх ёстой. Миний бодлоор, СУИС-д нэг бодлого явуулмаар юм шиг санагддаг. Тухайн оюутныг хоёрдугаар курс  хүртэл нь дуурийн чиглэлээр сургасны дараа “Энэ хүүхэд жинхэнэ дуурийн дуучин болох хүн мөн үү, үгүй юу” гэдгийг нь сорьж үзэх ёстой. Түүний дараа тусгай хөтөлбөрийн дагуу сургаж бэлтгэх хэрэгтэй байх. Харин нийтийн дуу сонирхож байгаа хүмүүс нь арай өөр хөтөлбөрөөр хичээллээд явбал дээр байх. Б.Г: -Хувь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт байдаг байх. Монголд маань сонгодог урлагийн ганцхан театр байгаа болохоор ажиллах орон тоо хэд байгаа билээ. Үүнтэй бас холбоотой байх л даа. Дуурийн дуучин мэргэжлээр төгсч байгаа хүүхдүүдээс энэ жил л гэхэд манай театр дөрөвхөн хүүхэд шалгаруулж авсан. Тэгэхээр үлдсэн хэд нь яалт ч үгүй нийтийн болон эстрадын дуу сонгох хэрэгтэй болж байгаа байх. А.А: -Ажлын байр байхгүй болохоор ямар ч сонголтгүй, өөр салбар руу орж байгаа биз ээ. Б.Э: -Урлагийн сургууль төгсч байгаа дуучид хэд байгаа билээ. Түүнээс мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, нийтийн дуу сонгосон, урлагаас өөр салбарт орсон хэд байгааг хэлэхэд бэрх. Р.Мөнгөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

vzegch:
Amjilt
2015-11-13
Z-d heleh heden ug. opera gedeg ursgaliig hip hop, trans,pop,techno,rock geed olon ursgaltai holison olon urlagiin torol bna shu dee urlagiin talaarh medlegee joohon deeshluulee
2012-08-15
зочин:
амжилт хүсье. нэг зөвлөгөө өгье хүлээж авах эсэх нь та нарын дур. урлагийн хүмүүс жаахан цэвэрхэн байх хэрэгтэй шүү. манайхан дээгүүрээ байдгаараа гоёчихоод гутал нь аймаар тоос шороо, гар хөл нь бөөн сорви, хар, хумс нь хиртэй байдаг.
2012-08-12
z:
yamarch turluur genee rock mangas bolood hip hop bolood lady gaga shig huvtsaslaad bujiglehiig ni harnaa
2012-08-10
Z-d heleh heden ug. opera gedeg ursgaliig hip hop, trans,pop,techno,rock geed olon ursgaltai holison olon urlagiin torol bna shu dee urlagiin talaarh medlegee joohon deeshluulee