Зодох нь хүмүүжлийн арга биш нийгмийн эмгэг
Өнөөдөр “хүүхдийг зодож, шийтгэхгүй байх олон улсын өдөр”. Энэ өдөр бол нийгмийн бодит байдлыг сануулах дохио юм. Бид өөрсдийгөө соёл иргэншилт нийгэмд амьдардаг гэж үздэг ч хаалттай хаалганы цаана хүүхэд зодуулж, айдаст амьдарч, зарим нь бүр амь насаа алдаж байна. Энэ бол ганц нэг гэр бүлийн асуудал биш, харин нийтээрээ зөвшөөрч ирсэн, үл анзаарагдсан хүчирхийллийн хэлбэр.
Монголд хүүхдийн эсрэг хүчирхийлэл түгээмэл хэвээр байгааг судалгаанууд харуулсаар байна. 1–14 насны хүүхдийн бараг тал хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлтэй сахилга батын арга амссан байдаг. 2–14 насны хүүхдийн 46 хувь нь гэртээ бие махбодын болон сэтгэлзүйн дарамтад өртсөн гэсэн тоо бий. Энэ нь өдөр тутмын амьдралд дадал болсныг илтгэж буй. Дэлхийн хэмжээнд ч ялгаагүй, жил бүр тэрбум гаруй хүүхэд бие махбодын шийтгэл амсдаг гэсэн тоо бий. Өөрөөр хэлбэл, асуудал ганц Монголд биш ч, бидэнд шийдэх үүрэг нь яг энд, яг одоо байна.
Хамгийн хэцүү асуулт бол яагаад эцэг, эхчүүд хүүхдээ зоддог вэ? Нэг хэсэг нь зодохыг хүмүүжлийн арга гэж үздэг. Би зодуулж өссөн, гайгүй л хүн болсон гэх логик үе дамжин өвлөгдсөн. Урьд цагт ташуурдахыг барцад арилгаж байна гэж тайлбарладаг байсан бол өнөөдөр сургахын тулд гэж хэлдэг болсон. Нөгөө хэсэг нь өөрийн бухимдал, стрессээ хүүхэд дээр гаргадаг. Санхүүгийн дарамт, архидалт, гэр бүлийн зөрчил энэ бүхний дунд хамгийн сул, хамгаалалтгүй нь хүүхэд байдаг. Зарим нь хүүхдийн хөгжлийн онцлогийг ойлгодоггүй. Уйлах, зөрүүдлэх, эсэргүүцэх нь насны хэвийн үе шат гэдгийг мэдэхгүйгээс засах ёстой зан гэж үзээд хүч хэрэглэдэг. Мөн өөрөө хүчирхийлэл дунд өссөн хүн зодохыг хэвийн гэж хүлээн авах магадлал өндөр байдаг. Хүчирхийлэл ингэж үе дамждаг.
2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийг ямар ч хэлбэрийн бие махбодын болон доромжлох шийтгэлээс хамгаалах ёстой гэж заасан. Эцэг, эхчүүд хүүхдээ хүчирхийлэлгүй аргаар хүмүүжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхдээ зодох нь хууль зөрчсөн үйлдэл. Гэвч бодит амьдрал дээр энэ заалт төдийлөн хэрэгждэггүй. Учир нь гэр бүлийн асуудал гэсэн нэрийн дор хүчирхийлэл хаалттай үлддэг. Хөршүүд, ойр дотныхон мэдсэн ч дуугардаггүй. Хүүхэд өөрөө хаана, яаж хандахаа мэддэггүй. Хуулийн заалт байгаа ч нийгмийн хандлага өөрчлөгдөөгүй цагт хэрэгжилт сул хэвээр байна.
Судалгаанууд бие махбодын шийтгэл ямар ч эерэг үр дүн авчирдаггүйг нотолсон. Харин ч сэтгэл гутрал, түгшүүрийг нэмэгдүүлж, хүүхдийг илүү түрэмгий болгодог. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь бууруулж, насанд хүрээд хүчирхийллийг давтах магадлалыг өсгөдөг. Өөрөөр хэлбэл, зодох нь хүмүүжил биш, харин хүчирхийллийг дахин үйлдвэрлэх механизм юм.
Хүүхдээ зоддог хүнийг хатуу эсвэл сайн хүмүүжүүлэгч гэж ойлгох нь буруу. Үнэндээ тухайн хүн өөрийгөө удирдах чадваргүй, сэтгэлзүйн боловсрол дутмаг, эсвэл өөрөө шийдээгүй асуудлынхаа дарамтад орсноос үүдэж ийм алхам хийдэг. Хүүхэд бол насанд хүрэгчдийн бухимдлыг даах ёстой субьект биш.
Хүүхдээ зоддоггүй нийгэм бий болгоно гэдэг уриа төдий зүйл биш. Энэ нь боловсрол, бодлого, соёлын өөрчлөлт шаарддаг зүйл юм. Эцэг, эхчүүдэд хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга заах систем хэрэгтэй. Хүүхдийн эрхийг хувийн асуудал биш, нийтийн хариуцлага гэж харах хандлага төлөвших ёстой. Эрсдэлтэй гэр бүлүүдэд бодит дэмжлэг үзүүлэхгүйгээр хүчирхийлэл буурахгүй. Хуулийн хэрэгжилтийг чангатгаж, мэдээлэх, хамгаалах тогтолцоог ажиллуулж байж үр дүн гарна. Хамгийн чухал нь хүүхэд айхгүйгээр тусламж хүсдэг орчин бүрдэх ёстой.
Өмнө нь ташуур барьж барцад арилгаж байна гэж итгэдэг байсан бол өнөөдөр илүү харгис хэлбэрүүд гарч ирсэн. Гэвч аль аль нь хүчирхийлэл. Үүнийг зогсоох эхний алхам бол зодохыг зөвтгөхөө болих. Хүүхдийг бүрэн эрхт хүн гэж харах тэр мөчөөс өөрчлөлт эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ