
Хаалтын арга хэмжээнд Лондон 2012 Олимпийн наадамд оролцсон тамирчдын амжилтыг тэмдэглэх, мөн дараагийн Олимпийг зохион байгуулах хотод эрхийг шилжүүлэн өгөх үйл ажиллагаанууд багтдаг. Дараагийн олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Рио де Жанейро сонгогдоод байгаа билээ. Мөн хаалтын арга хэмжээнд наадам дуусч байгааг илтгэдэг Олимпийн бамбар унтраах ёслол багтдаг.
Хаалтын арга хэмжээний үеэр дэлхийн зэрэглэлийн найруулагч Ким Гавин болон түүний баг зохион байгуулагч хот болон Их Британи улсын соёлыг харуулах юм.
Лондон 2012 Олимпийн наадмын хаалтын ажиллагааг “Британийн хөгжмийн симфони” хэмээн нэрлэсэн бөгөөд Британичууд сүүлийн тавин жилд хөгжмийн салбарт хичнээн хүчтэй хөрөнгө оруулалт хийж байсныг бахархалтайгаар харуулах юм.
Арга хэмжээ энэ сарын 12-нд буюу ням гаригт манай цагаар 05:00 цагт эхлэнэ. Нийт 4100 жүжигчид оролцохоос 3500 насанд хүрэгч сайн дурынхан, 380 сургуулийн хүүхэд байх аж.
Зохион байгуулагчид өөрийн орны дэлхийд алдартай хөгжимчидтэй хамтран ажиллаж байгаа ба шинэ үеийн одод бас багтсан байна. Лондонгийн Симфони Оркестр Олимп, Паралимпийн нээлт болон хаалтын ажиллагааны дуунуудыг бичихээр болжээ.
Тамирчдын цуваа
Хаалтын ажиллагааны үеэр тамирчид үндэстэн хамаарахгүй хамт алхах юм. Энэ нь 1956 онд Мелбурны олимпоос хойш тогтсон уламжлал бөгөөд дэлхийн тамирчдыг ‘нэг үндэстэн’ хэмээн илэрхийлж буй санаа билээ.
Далбаа болон үг хэлэх
Олимпийн наадмын эх болсон Грек, наадмыг зохион байгуулагч орон болох Их Британи болон дараагийн зохион байгуулах орон Бразил улсуудын далбаа зэрэг мандаж, төрийн дуулал эгшиглэнэ. Зохион байгуулагч хотын дарга индэр дээр гарч тугийг Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгчид гардуулах бөгөөд дараа нь ОУОХ-ны ерөнхийлөгч үг хэлэхийн өмнө дараагийн зохион байгуулах хотын даргад тугийг гардуулна.
Олимпийн бамбар унтраах
Бамбар наадам эхэлснээс хойш Олимпийн тогоонд асч байсан бөгөөд унтраах арга хэмжээ нь хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдал байсаар ирсэн билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ