
Бид Монгол Улсаас Швейцарь Улсад суух Өргөмжит консул, хүндэт ноён Щварценбахийн хүлэг морь Лондоны зуны Олимпийн наадамд алтан медаль хүртсэнтэй нь холбогдуулан баяр хүргэх ёстой. Түүний “Нино дес Буиссонец” нэрт хүлгийг Стив Гуердат унаж Олимпийн алтан медалийн эзэн боллоо. Энэ нь Швейцарь улсын түүхэнд 1924 оноос хойших морины саадтай харайлтын төрөлд хүртсэн анхны алтан медаль юм.
Энэ гайхамшигтай үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун сайнаар нөлөөлсөн хэмээн бид билгэшээж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түрүү жилийн (2011 оны) нэгдүгээр сард Швейцарь Улсад албан ёсны айлчлал хийх үед морины эзэн ноён Щварценбах нь Монгол Улсаас Швейцарь Улсад суух Өргөмжит Консулын хувиар түүнийг дагалдан явсан билээ.
Энэ үеэр эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Щварценбахын морины зүчээнд зочилж, “Нино дес Буиссонец” хэмээх хүлгийг нь аргамаг хурдан хүлэг байна гэж зургаа татуулсныг бид санаж байна.
Дэлхийн шилдэг олон мянган аргамаг дундаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зүсэлсэн, хамт зургаа татуулсан хүлэг Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн нь эгэл жирийн тохиолдол биш юм. Иймээс энэ ер бусын үйл явдлыг нотолсон гэрэл зургийг бидэнд илгээхийг хичээнгүйлэн хүсье.
Лондонгоос гүнээ хүндэтгэсэн
Жон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ