У.Мөнх-Эрдэнэ ялахын төлөө бүхнийг зориулсан
Олимпийн мөнгөн медалийн төлөө тулаанд боксчин 2009 оны ДАШТ-ий хүрэл медальт, Бээжингийн олимпийн 5-р байрын шагналт, 2011 оны Ази тивийн аварга У.Мөнх-Эрдэнэ хүч шавхан өрсөлдлөө.
Тэрээр эхний хоёр үед давуу явсан ч сүүлчийн үед өрсөлдөгч Украины боксчин, 2011 оны дэлхийн дэд аварга Денис Беринчикийн тактикт орсноос удаа дараагийн цохилтод өртөн 21:29 оноогоор хожигдлоо.
31 настай боксчны хувьд дэлхийн хэмжээний ид үедээ яваа од Беринчиктэй харин ч тэнцүү сайн тоглолоо.
Ийнхүү тэрээр олимпийн хүрэл медаль хүртсэн Монголын гуравдахь боксчин болж байна.
Түүнээс өмнө Н.Энхбат Сөүл-1988, Н.Баярсайхан Барселона-1992 олимпоос хүрэл медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Мөн Бээжин-2008 олимпоос Монголын боксынхон арвин ургац хурааж, Э.Бадар-Ууган алт, Д.Сэрдамба мөнгөн медалиар энгэрээ мялааж байв.
Тоглолтын дараа түүнээс ярилцлага авахаар олон сэтгүүлч хүлээн байсан ч тэдэнтэй уулзалгүй явчихлаа. Маш их харамсаж байгаа харагдав. Нөгөөтэйгүүр ихэд ядарсан, хөлөө зөөн ядсаар бэлтгэлийн өрөө рүүгээ оров. Мөнх-Эрдэнэ маань ялалтын төлөө үнэхээр бүхнээ дайчилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ