Н.Төгсцогт ОЛИМПИЙН АВАРГА-ын төлөө тулалдана
Д.Банди багшийн паспорт дээр итгэмжлэх хийлгэн 2009 оны ДАШТ-д очиж байсан Нямбаярын Төгсцогт хүү өдгөө эрийн цээнд хүрчээ. Тэгэхэд 17 настай монгол хүү дэлхийн дэд аварга болох үедээ Оросын Миша Алояныг хожин замаа засч байв. Орос боксчин тэр тулаанаас хүнд шоконд орсон гэнэ лээ. Түүнээсээ гаралгүй өнөөг хүргээ юү гэлтэй.
Лондон-2012 олимпийн наадмын 52 кг-ийн хагас шигшээ тулаанд Төгсцогт түүнийг дахин ялав. Тоглолтын эхний үеэс л манай боксчин 6:4-өөр давамгайлан хоёрдугаар үеийг 11:8-аар өндөрлүүлсэн юм. 2011 оны дэлхийн аварга, 2010 оны Европийн аварга Алоян монгол хүүгээс жийрхдэг аж, тоглолтын туршид тоймтой довтолгоо хийлгүй байсаар 15:11-ээр ялагдлаа.
Ийнхүү манай боксчин наймдугаар сарын 12-ны 13:30 цагаас (Улаанбаатарын 20:30) Кубын 18 настай залуу боксчин, Сингапур-2010 хүүхдийн олимпийн аварга Робейси Рамирес Каррасанатай аваргын төлөө тулалдахаар болоод байна. Куба хүү 2011 оны ДАШТ-д аварга болох ерөөлтэй Миша Алоянд шөвгийн 16-д 11:15-аар ялагдаж байжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Лондоны олимпийн финалд үлдэх хүртлээ дэлхийн чансааг тэргүүлэгч Миша Алоянаас гадна дэлхийн чансааны 4 болон 5-д буй Италийн Винченцо Пиккарди, Узбекистаны Ясурбек Латипов, мөн Азербайжаны хүчтэй тулаанч Элвин Мамидзадаг үзэгчдийн суудалд шилжүүлсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ