
Монголчууд олимпийн наадамд анх оролцсоноос хойш бараг 50 шахам жил манай орноос фото сурвалжлагч албан ёсоор ирж байгаагүй юм. Янз бүрийн шалтгаанаар болж бүтээгүй гэдэг. Хааяа нэг фоточ явдаг ч багийн бүрэлдэхүүнд багтаад, сэтгүүлчийн ажлаа бүрнээр хийж амжаагүй бололтой. Харин энэ удаагийн олимпийн наадмыг дуран авайдаа буулган мөнхөлсөн орон орны шилдэг мундаг фоточдын дунд монгол хүн зэрэгцэн зогслоо.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос энэ талаар чармайн хөөцөлдөж, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо, Олон улсын жүдогийн холбооны дэмжлэгээр уг эрхийг авсан билээ. Тэдний шалгуурт яв цав тэнцсэн фото сэтгүүлч, "Бөх" сэтгүүл болон www.bukh.mn вэбсайтыг эрхлэн гаргагч Чулуунбаатарын Ганбат Лондон-2012 олимпийн наадмын үеэр тамирчдадаа хамгийн ойрхон байсан эрхмүүдийн нэгэн билээ. Тэрээр жүдогийн татами, боксын ринг, бөхийн дэвжээ, буудлагын тир, гүйлтийн зам гээд л аль тамирчдад ойрхон газар бүрт хүрч ажиллаж, олимпийн алдартнуудынхаа түүхэн хормыг гэрэл зурагт мөнхөлж байна. Өөрөө Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуультай, олимпийн аварга Н.Түвшинбаярын үй зайгүй ах нь тул дүүгийнхээ гайхамшигт амжилтын гэрч болсондоо бүр ч их сэтгэл хөдөлнө лээ. Жүдо бөхийн ДАШТ-үүд болон Азийн наадмуудыг сурвалжилж явсан тэрээр ийнхүү олимпийн наадмыг ойроос сурвалжлах хүслээ биелүүлж явна.
Б.Цагаанбаатар Лондонгоос мэдээлэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ