
Тухайлж хэлэх үгээ дуулгахаасаа өмнө өгүүлэх зүйл бас байна. Цөөнхийн төлөө бус тодруулбал эмзэг төвшинд харьяалагдан зүдэрч яваа олонхийг нэмж зүдрээхээр сүрийг үзүүлэн дарамтлагч инфляци буюу мөнгөний ханшийн уналтыг хазаарлахын тулд мөнгөний бодлогыг лавшруулан хатууруулж, бодлогын хүүгээ дахин 0.5 хувиар нэмэгдүүлэхээс өөр сонголт Төв банкны Захирлуудын зөвлөлд байсангүй гэдгийг Монголбанк өчигдөр дуулгасан. Бодлогын хүүг нэмээд байна гэдэг нь хямралын араас өнгийн гэгээ үзэж эхэлсэн арилжааны банкууд зээлээс илүү төвбанкны үнэт цаасанд хөрөнгөө байршуулна. Энэ нь зээл хумигдаж, хүү нь нэмэгдэнэ гэсэн үг юм. Ийм мэдээтэй зэрэгцэн улстөрчид өнөөдөр чуулганы хуралдааныг зарлаж 2012 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2012 төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Тэд инфляцийг хөөрөгдсөн төсөв батлах их ажилдаа ийн давшин орлоо.
Эрчлэн өсч буй үзүүлэлтийг хадгалсаар байгаа инфляци илүү олон бараа үйлчилгээг хамран, газар авах болсны эсрэг авсан Монголбанкны арга хэмжээ 100 хувь үр дүн дагуулна гэдэг нь угаас эргэлзээтэй. Гэхдээ өөр сонголт эдийн засагчдад үлдсэнгүй бололтой.
Инфляцийн өсөлтийг тооцож гаргахын тулд заавал үнэ дээр нь судалгаа хийдэг, хэрэглээний үнийн сагсны 287 бараа үйлчилгээний 215 ширхэгийнх нь үнэ өсчихөөд байгаа нь бусад 72-ынх нь үнэ өсөхгүй гэх баталгаа одоогоор байхгүй гэдгийг илтгэнэ.
Одоогоор гэж тодотгохын учир нь Монголбанкны захирлуудын зөвлөлөөс мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахад голлон нөлөөлсөн бодит орчин юу байв вэ гэдгийг тухайлаад харахад “Хэрэв...” гэдэг үгийг зайлшгүй хэрэглэхээр байгаа юм.
Арилжааны банкуудын хадгаламжийн хүү, зээлийн хүүнд зайлшгүй өөрчлөлтийг оруулдаг Бодлогын хүүгийн хөдөлгөөнийг Монголбанк дахин идэвхижүүлэн 0.5 хувиар нэмэгдүүлэх болсон гол үндэслэл нь энэ удаад гадны гэхээсээ илүүтэй дотоодын тодруулбал Монголын улстөрчдийн одоо шийдвэрлэх томоохон асуудлуудтай холбоотой шалтгаанууд байна.
Ойлгомжтой болгох үүднээс бодлогын хүүг нэмэгдүүлэх шийдвэр гарч байсан өнгөрөгч саруудад нөхцөл байдал ямар дүр зурагтай байсан талаар дарамтууд нь юу байсан талаар өгүүлье.
Он гарсаар Төв банкнаас бодлогын хүүг гурван удаа 0.5, 0.25, 0.5 хувиар тус тус нэмж байна. Тухай бүрт инфляцийн өсөлттэй уялдуулан энэ хүүг хөдөлгөж байсан. Инфляцийн өсөлтийн шалтгаан нь сар болоод улирлын мөчлөгтэйгөөр өөр өөр байв. Тавдугаар сард гэхэд инфляци 9.8 хувьд хүрч хоёр оронтой тоонд дөхөж ирэхэд махны үнийн 10.2-13.7 хувийн өсөлт голчлон нөлөөлсөн бол, зургадугаар сард 0.4 хувиар нэмэгдэн инфляци хоёр оронтой тоогоор хэмжигдэхэд хүргэсэн шалтгаан нь нийтийн тээврийн үйлчилгээний үнийн 8.4 хувийн өсөлтөөс ихээхэн хамаарсан юм.
Зургадугаар сар гэдэг нь Монголчууд түлшний хомсдолыг ид мэдэрч байсан цаг. Нефтийн бүтээгдэхүүний хувьд хойд хөршөөс хэт буюу 98 хувийн хамааралтайнхаа горыг биеэрээ найм дахь удаагаа мэдэрч байв. Яг л тэр хэцүү бэрх үед нийтийн тээврийнхэн өнгөрсөн жилүүдэд аймшигтай их алдагдалтай ажиллаж ирсэнээ, үнэ нэмэхээс өөр гарцгүй гэдгээ төр засагт хүчтэйхэн уламжилсан нь инфляцийг өсгөж байсан юм. Мөн гол шалтгаануудаар бэлэн мөнгөний тараалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөөгөөр хувийн секторын эрэлт нэмэгдээд байвал суурь инфляци тасралтгүй өсөх прогнозууд өнгөлж байсан.
Харин энэ удаа...
Харин энэ удаа 0.5 хувиар нэмэх болсон гол шалтгаан нь Төсвийн зардлыг ихээхэн тэлж, Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө олгож буйгаас гадна 2011 оны төсөвт тодотгол хийн зарлагаа дахин нэмэгдүүлэх гэж байгаа нь, мөн 2012 оны төсвийн төсөл мөчлөг дагасан шинжтэй байгаа зэрэг нь инфляцийн дарамтыг ихээр нэмэгдүүлэн эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэх эрсдэлүүд болж байна гэж Төв банк үзэв.
Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байна гэсэн тоон үзүүлэлтүүд байгаа хэдий ч, эдийн засгийн бодит хүчин чадал болон нийт нийлүүлэлтийг шингээж авах орчин дорвитой сайжирч амжаагүй байхад улстөрчдийн шийдвэртэй холбоотойгоор зээлийн өсөлт хурдасч нийт эрэлтийг огцом өсгөж байгаа нь суурь үнэ өсөх дарамтыг бий болгож байгаа аж. Цаашид эрэлтийн өсөлтийг улам тэжээж үнэ өсөх дарамтыг нэмэгдүүлэхээр макро эдийн засгийн орчинг бүрдүүлэх бодлого явагдаад байна гэж байгаа юм. Эдийн засгийн потенциал нэмэгдэж амжаагүй байхад нийт эрэлт өсч байгаа нь инфляцийн хүчийг нэмж байгаа талаар хэлж байв. Хүнсний барааны үнийн өсөлтийн тухай тухайлан ярьдаг байсан бид сүүлийн 12 сарын турш тасралтгүй өсч 11.3 хувьд хүрээд байгаа хүнснээс бусад бараа үйлчилгээний тухай ярих ёстой болоод буй бөгөөд үнийн өсөлтийг бий болгох дарамтууд нь ирэх 2012 оны эхний хагаст хүчтэй мэдрэгдэх прогноз бий гэсэн.
Гадаад хүчин зүйлүүдийн зайлшгүй нөлөөллүүдийн тухайд Европын орнуудын ужгирсан өрийн асуудал, АНУ-ын эдийн засгийн өсөлтийн зогсонги байдал зэрэг нь дэлхийн эдийн засаг савлагаатай байхыг илтгэж байгаа ч, Монгол Улсын тухайд ихээхэн хамааралтай зах зээл болох Хятадын эдийн засгийн ирэх оны өсөлтийн таамаглал 9 хувиас буурахгүй гэсэн прогноз ирж байгаа нь таатай мэдээ гэж байна. Энэ нь Хятадын эдийн засгийн дархлаа бидний хувьд сайн хамгаалалт болно гэсэн үг юм.
Манай улс цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг цөөн орнуудад экспортлодог эмзэг эдийн засгийн бүтэцтэй учраас дэлхийн зах зээл дээрх ашигт малтмал тэр дундаа төсвийн орлогын гол эх үүсвэр зэс, нүүрсний үнэ их чухал. Тэрчлэн 9 мянга даваад байсан зэс 7 мянган ам.доллараас унаж савлан тогтворгүй байгаа нь манайд хэрхэн нөлөөлөх бол гэдэг асуултыг тавихад шууд хүргэнэ.
Харин Монголбанкны зүгээс үүнд нэг их санаа зовох шаардлагагүй гэж тайвшрууллаа. Өнөөдрийн нөхцөл байдлын тухайд бидний экспортын бүтээгдэхүүний үнэ төдийлөн эрсдэл дагуулахааргүй байгаа гэнэ. Дэлхийн зах зээлийн тогтворгүй байдал тонн зэсийн ханшийг тогтворгүй хэвээр байлгалаа гэхэд 6500-7200 ам.долларын хооронд байх болов уу төсөөллийг хийжээ.
Хямралын үеийнх шиг 2000 ам.доллар луу орохоор байдал дордох вий гэсэн болгоомжлол мэдээж бий. Өнөөдрийн тухайд дэлхийн хөрөнгийн захууд уналттай. Америкийн Dow 1.74, S&P 500 2 хувь, Nasdaq 2.26 хувь, Европын STOXX 50 1.06, FTSE 100 0.41 хувь, DAX 0.14 хувь, Азийн захын Nikkei 0.16 хувь, TOPIX 0.25 хувь, Hang Seng 0.48 хувь гэхчлэн бүгд самбар дээр улаанаар тэмдэглэгдэж байгаа ч, эерэгжих байх гэсэн хүлээлт байна. Европын холбоо 26-ны энэ өдөр Грекийн өрийн ноцтой хямралыг шийдвэрлэхээр зөвлөлдөх юм. Ийм маягаар удаа дараа уулзан хэлэлцэж байгаа нь хямрахгүйн төлөө хичээнгүйлэн зүтгэж буйг, хүчээр ч болов аваад үлдэхийн төлөөх хүсэл шаардлага тэргүүлэгч гүрнүүдэд байгааг илтгэнэ.
Тэрчлэн өнөөдрийн тухайд тонн зэсийг Bloomberg 7734 ам.доллар хэмээн дамжуулж байгаа нь уналт тогтворжоод байна гэж харагдахаар. Манай тухайд холбон харвал зэсийн ханш 7 мянган ам.долларын төвшинд байхад гадаад секторын эрсдэл харьцангуй бага. Зэсийн экспортын орлого хэлбэрээр орж байгаа валют нэмэгдэж байгаа ч, үнэ нь буурсан тохиолдолд зах зээл дээр хүндрэл үүсгэхгүй бөгөөд энэ нь манай улсын эдийн засаг зөвхөн зэсээс бус нүүрсний экспортоос хамаардаг болж буйтай холбоотойг эдийн засагч хэлж байна. Оны эхний 9 сард экспортын нүүрсний орлого 1.4 тэрбум ам.долларт хүрсэн нь зэсийн баяжмалын экспортын орлогоос 2 дахин илүү үзүүлэлт байна. Тэгэхээр манай улсын гадаад худалдааны тулгуур багана нэмэгдсэнийг эл үзүүлэлт батлаж байгаа нь эерэг мэдээ юм.
Бодлогын хүүний өсөлтийн шалтгаануудыг энэ мэтчилэн харвал дээр өгүүлсэнчлэн гадны гэхээсээ илүүтэй дотоод эдийн засгийн байдал дотоодын улстөрчдийн шууд шийдвэр инфляцийн өсөлтөд аюул заналхийлж байна.
2 сая хол давсан иргэдийг “золигт” гаргагчдад хэлэх үг байна хэмээн гарчигласны шалтгаан энэ юм.
Банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг Бодлогын хүүг хөдөлгөн инфляцийн эсрэг авах арга хэмжээ ийн үргэлжилж байна. Бодлогын хүүний нөлөөлөл таван сарын дараачаас эхлэн 18-24 сар хүртэл үргэлжлэн зах зээл дээр мэдрэгддэг гэж байгаа. Гэхдээ энэ жилийн төсвөө хараахан эцэслэн тодотгоогүй, ирэх оны төсвийн тухай хууль батлагдаагүй. Мөн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөл УИХ-д өргөн баригдсан байгаа. Эдгээр асуудлууд цэгцлэгдсэний дараа мөнгөний бодлого хатуурах, зөөлрөх эсэх, бодлогын хүү өсч буурах эсэх дахиад л үргэлжлэн яригдана гэсэн үг. Хэдийгээр Засгийн газар 2011-2013 он хүртэл “Зээлийн хүү буурах зах зээлийн орчныг бүрдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж инфляцийн түвшинг 2011 онд нэг оронтой тоонд, 2012 онд 8 хувь, 2013 онд 5 хувьд хүргэнэ гэсэн гоё мэдээ дуулгасан ч, өнөөдрийн зүгээс харахад шал хоосон яриа юм.
Төсвөө тэлэн инфляцийг өсгөн иргэдээ ядууралд хөтлөн байж засгийн толгойд суугаа эрхмүүд нэгийг биш нэлээдийг бодоосой. Мөнгөний ханш унана гэдэг нь энгийнээр хэлэхэд хөрөнгийг ядуугаас баян руу хуваарилж байдаг зүй тогтолтой гэнэ лээ. Инфляци өсөх нь хурааж хуримтлуулсан хөрөнгө гээд байх юмгүй, сарын цалин, тэтгэврийн хэдээрээ амьдралаа залгуулдаг иргэдэд хүнд тусдаг зүй тогтолтой юм гэнэ лээ. Төсвийн хэт үрэлгэн зарлагаас болж мөнгөний бодлогыг чангаруулахаас өөр аргагүй байлаа ч, эцсийн дүндээ энэ нь эдийн засгийн урт хугацааны өсөлт бөгөөд тогтвортой байдлыг хорлосон, арга ядсан арга гэдгийг эдийн засагчид хэлж байна шүү дээ.
Э.Болорхажид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ