Татварын шинэчлэлд анхаарал хандуулъя
Биднийг өдөр тутмын яг одоогийн байдлаар сар шинийн баяртаа бэлдэх ажил, асуудлаараа амьсгалж байх зуурт ирэх жилүүдэд ямархан хэмжээний татвар төлөх тухай буюу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл явж буйг анхаарлын гадна орхиж боломгүй. Засгийн газар оны өмнөхөн УИХ-д өргөн барьсан дээрх хуулийн төслийн гол агуулга, үзэл санаа үнэхээр реформийн шинжтэй болсон уу, бодитой юу, нийтийн эрх ашигт нийцэж байна уу, тэгш болж уу гэх зэрэг олон асуудал бий. Эдийн засагчид, шинжээчид энэ талаар үгээ хэлж эхэлсэн байна. Шүүмжлэлтэй талыг тоймлоё.
Татварын бодлогын гол үзэл санаа их орлоготойгоос илүү, бага орлоготойгоос бага хэмжээний татвар ногдуулах атал татварын төрлийг олон болгож жиргэсэн одоогийн хувь хэмжээг хэвээр үлдээсэн нь шинэчлэл болж чадсангүй. Цалин, үйл ажиллагааны орлогыг нийлүүлээд шатлалтай хувь тогтоох гэснээ больсон нь өнөөх тэгш бус байдлыг бий болгодог. Цалингийн татвар 20 хувь, бизнесийн орлогыг хувь 5 хувь байгаа нь өнөөх бага, дунд орлоготой хэсгийг тэтгэх гол агуулга алдагдсан хэвээр байна.
500 мянган төгрөгийн орлогод хөнгөлөлт олгоно гэж тодорхой тоо тогтоосныг шүүмжилж байна. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэх зэрэг нэрлэсэн утгаар тогтоож, тэр нь шинэчлэгдэж явахаар тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ долоон зуун мянга гаруй байхад 500 мянга гэсэн байхгүй тоо тавих нь утгагүй гэж үзэж байна.
100 буцаан олголт авдаг хөнгөлөлт 6 сая байгааг, 15 сая болгож буй нь татварын хөнгөлөлт мэт харагдавч барилга байшин барихдаа ногоон эко байна, мөн тухайн газар орон нутгийг тодорхой зааж өгсөн зэрэг нь салбарын бодлоготой уях гэсэн мэт харагдавч хувь хүний сонголтод нөлөөлсөн, хэрэгжих бараг боломжгүй аж.
НӨАТ-ын босго,хувь хэмжээг өсгөж, шатлалтай болгох асуудал ч бүрхэг.
Цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл 18,5-20,4 хувь байгаа өнөөдрийн тэгш бус хувь хэмжээг хэрхэх вэ. Нэг сая, таван сая төгрөгийн цалин авдаг хүн ижил хувиар НДШ төлдөг байдлыг яаж зохицуулах вэ гээд бидний өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотой амин чухал хуулийн төсөл ирэх хаврын чуулган эхлэнгүүт хэлэлцэгдэнэ. Хаврын золголттойгоо холиод мартчихалгүй анхаарал сэрэмж, хашир хэрсүү байх шаардлагатай байна. Гэснээс орон нутгийн төсвийн 80 хувийн суурь нь цалин хөлс байдаг, энэ эх үүсвэрээс бодлого баригчид татгалзах уу.
Татварын эрс шинэчлэл хийхээр үнэхээр хүсэж байгаа бол тухайн орлогоор хэдэн хүн амьдарч байгаа тухай гэр бүлийн бүтцийг судалж, улмаар гэр бүлийн гишүүн бүрийн төлж буй татварын хувь хэмжээг тогтоож байж бодлого боловсруулдаг гэсэн СЭИС-ийн багш А.Өнөржаргалын санал сонирхолтой бодитой, судлууштай санагдав. Б.ЗӨӨЛӨН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ