ОХУ-ын боксчин, 2011 оны дэлхийн аварга Миша Алояныг хоёрдахь удаагаа хожиж, Лондоны олимпийн алтан медалийн төлөө тоглох эрхээ авсан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт болон ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг нарын товч сэтгэгдлийг сонирхоно уу.
Боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг
Тоглолтын тактикийн тухайд: Оросын энэ тамирчинтай Н.Төгсцогт маань 2009 оны Миланы ДАШТ-ий мөн яг ийм шатанд таарч хожиж байсан.
Тэгээд түүний тоглолтыг мэднэ, солгой өрөлттэй, ойрын зайнаас тоглох сонирхолтой.
Харин бид хойд гараар угтуулж цохих, зайнаас довтолж тоглох, займрах, довтолгоог нь хоёр тийшээгээ гаргах тийм тактикийг баримталсан.
Төгсөө маань хойд гарын шулуун цохилтоороо маш их оноо авч бидний тактик үр дүнд хүрлээ.
Одоо ганцхан тулаан үлдээд байгаа талаар: Одоо Кубын тамирчинтай тоглоно. Одоо бид мөнгөн медалийн болзол хангачихлаа. Аваргын төлөө үзнэ ээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт
2009 онд Алоянтой өрсөлдөх үеийнхээс ямар ялгаа байна? гэж асуухад их ялгаатай гээд "Алтан медалийн цаана гарсны дараа ярих юм бий.
Цаашаа тоглолт байгаа болохоор нэг их юм яримааргүй байна.
Миний ард их олон хүний хүч хөдөлмөр байгаа, тэднийхээ итгэл сэтгэлээр амжилтад хүрч байна" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ