
Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт хэдхэн цагийн өмнө ОХУ-ын боксчин, 2011 оны дэлхийн аварга Миша Алояныг хоёр дахь удаагаа хожиж, Лондоны олимпийн алтан медалийн төлөө тоглох эрхтэй болоод байгаа билээ. Тэрээр ялсан даруйдаа фейсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэнтэйгээ сэтгэгдлээ хуваалцсан байна.
Мөнгөн медалийн төлөө тоглохоосоо өмнө Н.Төгсцогт "Дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпийг харж, ах нарынхаа тоглолтыг шимтэн үзэж байснаа тод санаж байна. Тэр үед олимп гэдэг миний нүдэнд тээр алсад гэрэлтэх од шиг л, хол төсөөлөгдөж байсан. Гэсэн ч би зөвхөн үүнд зорьсон. Ямартай ч зорилгынхоо үзүүрээс атгаад авлаа. Маш их баяртай байна. Одоо хоёрхон даваа байна. Заавал тэнд хүрэхийг хүсч байна. Надад халуун дулаан энерги илгээсэн та бүгдэд баярлалаа" гэж тэр бичиж байсан. Харин мөнгөн медалийн болзол хангасан даруйдаа "Та нарт ямар байсан бэ. Хөх булангаас... гээд зарлах хүртэл өөртөө итгэлтэй байсан ч нэлээд түгшсэн шүү. Ачит багш нарын маань хөдөлмөр, ард түмний маань заяа түшиж би мөнгөн медалийн болзол хангалаа гэж бодож байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Хичээх болноо. Би онцгойлон нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Монголын олимпийн боксын холбооныхондоо маш их баярлаж байна. Энд надтай нойр хоолоо хасч, хөлс хүчээ шавхаж байгаа Ц.Бат-Энх ахдаа, холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг болоод шигшээ багийн ахлах дасгалуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг, эмч н.Бат-Очир нартаа баярлалаа. Хамт бэлтгэл сургуулилт хийдэг боксын хамт олондоо талархаж байна. Энэ мөнгөн медаль Монголын боксчдын амжилт шүү гэдгийг хэлмээр байна. Одоо ганцхан даваа үлдсэн. Би түүнд тэмүүлж байна. Авахыг хүсч байна. Бүх чадлаараа хичээнэ" гэжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ