Дөрвөн олимп дараалан аваргын төлөө өрсөлдөнө
Чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан маш ширүүн болж байна. Сугалаа ч зарим нэгэнд хатуу таарч, тэр хэрээр санаанд ороогүй үр дүнтэй барилдаанууд болсоор. Хичнээн ч олон аваргууд бэлтгэлийн танхимаас үзэгчдийн суудал руу дурамжхан шилжив ээ, шалгарсан цөөн шилдэг аварга нь олимпийн дээд хэргэмийн төлөө үлддэгээрээ л үлдлээ.
120 кг-д Узбекистаны алдарт бөх, олимпийн хошой аварга Артур Таймазов дөрөвдэх удаагаа олимпийн шувтаргын барилдаанд Гүржийн Давид Мозманашвилитэй шалгарч үлдээд байна. Тэрээр анх Сидней-2000 олимпоос мөнгөн медаль зүүсэн бол Афин-2004, Бээжин-2008 олимпийн наадмаас алтан медальтайгаар буцсан билээ.
60 кг-ийн жинд дэлхийн дөрвөн удаагийн аварга, Бээжин-2008 олимпийн хүрэл медальт Бесик Кудухов Азербайжаны авьяаслаг залуу хүчтэн Тогрул Асгаровтой алтан медалийн төлөө тэмцэлд босох нь ээ.
84 кг-д хэний ч таамаглаагүй Пуэрто-Рикийн Жайме Юсепт Эспиналь сугалааны азаар мөнгөн медалийн болзлыг тун амархан хангав. Энэ бөх ноднингийн ДАШТ-д манай ОУХМ П.Өсөхбаатарыг илүүрхэн хожиж байсан юм. Түүнтэй бөхийн спорт өндөр хөгжсөн 11 орны төлөөлөл дундаас 2011 оны дэлхийн аварга Азербайжаны Шариф Шарифов өрсөлдөхөөр гарч ирлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ